Өчигдөр цахим сайтуудаар тарсан "Хүүхдээ ганц шил архиар солино" гэсэн зургийн талаар тайлбар хийхээр тухайн гэр бүлийн гишүүд хэвлэлийн хурал хийсэн билээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн "Энэ сарын 1-ний өдөр нялх хүүхдийг  шил архиар зарна гэх мэдээлэл гарсан. Энэ гэмт хэргийн шинжтэй байсан тул цагдаагийн албан хаагчид шуурхай шалгаж, тухайн мэдээллийг тавьсан болон мэдээлэлд дурдагдсан иргэнийг хайж эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан. Тухайн мэдээлэлд дурдагдсан иргэн өөрөө цагдаагийн байгууллагад хандсан. Тиймээс тухайн мэдээллийг тавьсан иргэн болон сайтуудад арга хэмжээ авч ажиллана.

Тухайн зурган дээр байсан эрэгтэй хүүхдээ түр салхилуулаад явж байсныг нь зөвшөөрөлгүйгээр зургийг нь авч олон нийтэд сүлжээнд буруу ташаа тайлбартайгаар тавьж нэр хүндэд нь халдсан. Тиймээс энэ хэрэгт СХД-ийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 111-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэсэн юм.

Зураг дээр хүүхэд "сугавчилсан" эрэгтэйг О.Доржсүрэн гэдэг бөгөөд /70 настай/ долоон сар гарантай зээгээ /төрсөн охиных нь охин/ салхилуулаад зогсож байсан гэнэ.

Энэ талаар түүнээс тодруулахад "Манай охин дэлгүүр ажиллуулдаг юм. Тэр өдөр дэлгүүрт нэлээд халуун байхаар нь зээ охиноо аваад салхинд гарч зогсож байсан юм. Миний хувьд сугавчилсан байсан нь бусдад эвгүй харагдсан байж магадгүй юм. Тухайн үед надаас хэн нэгэн ирж тэр талаар асууж лавлаагүй. Гэтэл орой гэртээ иртэл "Таныг архиар хүүхэд зарах гэж байна гэх мэдээлэл явж байна" гэж охин маань хэлсэн. Би их гайхсан. Эвгүй юм билээ" хэмээв.

О.Доржсүрэн: Зээ охиноо салхилуулаад зогсож байлаа, гэтэл...

Харин охины ээж Д.Дэлгэрмөрөн "Манай аав одоо 70 гарч байгаа хүн. Миний жаахан охиныг дэлгүүрийнхээ үүдэнд салхилуулаад зогсож байсан. Гэтэл зургийг зөвшөөрөлгүйгээр авч, нийтэлсэн байна. Манай аав архи уудаггүй. Бас 40 гаруй настай ч хүн биш. Тиймээс бид хуулийн байгууллагад хандаж, шалгуулж байгаа. Цаашид хэвлэл мэдээллийн байгууллагууд буруу ташаа мэдээллийг нягталсны дараа үнэн бодитойгоор хүмүүст хүргэж байгаасай гэж хүсч байна. Андуу мэдээлэл тарснаас болоод биднийг таньж мэддэг хүмүүс, хамаатан саднууд маань утасдаж "Юу болж байна, яав аа" гэж байнга асууж байна. Аав маань энэ явдлаас болоод их "шоконд орсон байгаа" хэмээн ярилаа.

Ингээд тэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээр дамжин ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвтэй хамтран олон нийтэд залруулга мэдээлэл хийхээр шийдэж, өнөөдөр ийнхүү хэвлэлийн бага хурал хийсэн байна.