Хоёр жилийн өмнө 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр “Тэнгис” кино театрын баруун талд баригдаж байсан  “Макс өргөө” компанийн барилга дээрээс төмөр унаж, замын хөдөлгөөнд  Ланд-200 маркийн машинтай оролцож байсан иргэн амиа алдсан хэрэг гарсан билээ.

Чухам харин уг хэрэгт хэн хариуцлага хүлээгээд өнгөрсөн нь тодорхой бус байгаа. Ямартай ч хууль зөрчин гэрээ байгуулсан “Макс” Д.Ганбаатарын нэр хүндийг “Мээж Класс” ХХК хамгаалж байгаа талаар мэдээлэл эхнээсээ байсныг эргэн сануулъя.

Осол болох үед барилгын гадна заслын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Мээж Класс” ХХК-ийн зүгээс  ослын талаар албан ёсны дүгнэлт гараагүй учраас ямар нэг тайлбар мэдээлэл өгөх боломжгүй гэж байсан эхэн үедээ бол. Харин барилгын захиалагч Макс Өргөө ХХК болон цаашлаад Макс группын нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулсанд харамсаж байгаагаа илэрхийлж байв. Тэгэхээр эндээс харахад ийм ослуудад буруутай этгээдүүдийг тодруулах, тодотгох асуудал дээр зөвхөн хэдэн мэргэжилтний амнаас унасан үгсэд дөрөөлөн бат ноттой итгээд, цаана нь байдаг нөхдүүдийг гэм буруугаас холуур өнгөрөөдөг харамсалтай жишиг дахиад л давтагдахаар харагдаж байсан юм. Макс группын охин компани “Макс өргөө” компанийн захиалгаар “Мээж класс” компанийн  ажил гүйцэтгэж байсан барилга дээр гарсан ослын хариуцлагын асуудал дээр “Макс өргөө” ямар ч хамаагүй болж  ойлгогдоод байв.

Гэтэл уг барилгыг барих албан ёсны зөвшөөрөл нь “Макс групп”-д байж байгаа. Түүнчлэн гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулахад  Макс группын удирдлага Д.Ганбаатар өөрөө албан ёсоор баталгаажуулан гарын үсгээ зурсан байдаг. Тэрчлэн аливаа барилгыг захиалагч буюу тухайн газрыг өмчлөх, ашиглах эрхтэй субьект, хуулийн этгээд нь тухайн барилгыг барих явцад мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй байдалд шаардагдах нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой ч манайд тийм биш байдгийг энэхүү нөхцөл байдал харуулж буй бөгөөд  “Макс”  групп бүх хариуцлагыг “Мээж класс”-д үүрүүлээд өнгөрөх гэж байгаа дүр зураг эхнээсээ харагдаж байсан юм.

За харин Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Батжаргалын тухайн үед өгсөн мэдээллээс үзэхэд “Макс” группын Ерөнхий захирал Д.Ганбаатар гэрээг нь албан ёсоор баталж өгсний дагуу “Макс Өргөө” ХХК,  “Мээж класс” ХХК, “Fasade in” ХХК-ийн удирдлагууд барилгын ажил гүйцэтгүүлэх болон гүйцэтгэх  гэрээг баталсан байгаа юм. Уг нь осол гарсан тус барилгын ерөнхий ажил гүйцэтгэгчээр “Зуншин” ХХК 12/8 дугаартай гэрээний дагуу 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс ажиллаж байсан байдаг. Харин МХЕГ-ын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг тус барилгын ажлыг зогсоох ёстой гэсэн дүгнэлтийг 2013 оны долдугаар сард гаргасан байдаг. Үндэслэл нь “Зуншин” ХХК барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй бөгөөд барилгын угсралтын  ажлыг магадлал хийгдээгүй зураг төслөөр явуулж байгаа нь  “Барилгын тухай хууль”-ийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн тул 2013 оны  долдугаар сард 06/103/44 дугаартай актаар барилгын ажлыг түр зогсоосон байдаг.

Эндээс харахад  “Макс” групп нь өөрийн барилгын ажлын гүйцэтгэгчдээ сонгохдоо хууль зөрчсөн байгаа юм. Гэтэл БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба энэ осолтой холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ Макс группыг хууль ёсны дагуу зөвшөөрөл сэлтээ авсан гэж өмгөөлсөн зүйлийг ярьсан юм. Түүнээс “Макс” групп тус барилгын зөвшөөрлийг яг хэдэн онд авсан юм бэ? гэдгийг тодруулахад  “2011 онд барилгын зөвшөөрөл олгосон юм билээ. Өнгөрсөн аравдугаар сард БХБЯ-наас барилга үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан. Угсралтын ажлаа хийж дуусгаад, өмнөх зөвшөөрлийнх нь хугацаа дууссан учир үргэлжлүүлэхээр зөвшөөрөл авсан хэрэг. Өмнөх зөвшөөрөл нь долоодугаар сарын 26-нд дуусч, есдүгээр сард хүсэлтээ тавьсан. Манай талаас судалж үзсэний үндсэн дээр аравдугаар сард зөвшөөрөл өгсөн” гэсэн байгаа. Нэг ёсондоо Макс группын барилгын зөвшөөрөлд ямар нэг асуудал байхгүй гэдэг зүйлийг тэр хэлсэн.

Гэтэл бодит байдал дээр асуудал байсан болоод МХЕГ-ын Улсын ахлах байцаагч үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох актыг үйлдсэн байж таараад байгаа юм. Түүнчлэн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарсан байтал  “Макс Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь барилгын гадна талын шилэн фасадны ажлыг гүйцэтгүүлэхээр “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, “Fasade in” ХХК-ий захирал Ким Хэ Жун нартай ажил гүйцэтгэх гэрээг     долдугаар сарын 5-ны өдөр байгуулсныг, Ерөнхий захирал Д.Ганбаатар албан ёсоор баталгаажуулан гарын үсгээ зурсан байдаг аж.

Тэгэхээр хүний эрдэнэт амь сүйдчихээд байхад аль альныхаа бизнесийн нэр хүнд, эрх ашгийг хамгийн эхэнд тавьж, өөрсдийгөө ослын хариуцлагаас холуур өнгөрөөхийг эрмэлзэж буй компаниудын байгуулсан гэрээ анхнаасаа хууль журам зөрчсөн асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй гэдэг асуудал яригдаж байсан ч, яасан ч юмгүй л өнөөдрийг хүрсэн бололтой байна.

Ослын талаар мэдээллийг хүргэхэд тухайн үед барилгын гадна талд засвар хийхэд зориулж суурилуулсан дүүжинт өргүүр дээр “Мээж класс” ХХК-ийн туслах ажилтан Ч.Цэнд-Аюуш, Т.Тулга, Т.Отгонбаяр нар ажиллаж байсан байгаа юм. Гол нь тэд барилгын гадна талын дүүжинт өргүүр дээр ажиллах эрхийг сургалтанд сууж аваагүй хүмүүс байсан аж. Зүй нь барилгын гадна талын заслын ажил хийж байгаа ажилчид болон заслын ажлын багаж, заслын ажлын ачааг зөөх зориулалттай, түүнийг сургалтанд сууж эрх авсан хүн ажиллуулах эрхтэй байдаг байна. Гэтэл  “Мээж класс” ХХК-ийн ажил гүйцэтгэхдээ  ашиглаж байсан  дүүжинт өргүүрийг тусгай эрх бүхий хүн хариуцаж ажиллуулаагүйн дээр зориулалтын дагуу ашиглаагүй, ачаа тээвэрлэж байсан нь тогтоогдсон гэх мэдээлэл байдаг.

Мэдээллүүдээс үзэхэд “Макс” групп гүйцэтгэгч талтай хууль журам зөрчин гэрээ байгуулахдаа ийм чухал асуудалд огт анхаарал хандуулаагүй байдаг. Тэгэхээр хүний амь сүйдсэн уг хэрэгт “Макс” групп барилгын ажил гүйцэтгэгчдээ сонгохдоо хариуцлага алдсан асуудалтай нь хариуцлага тооцохгүй өнгөрсөн нь харамсалтай хэрэгтэй юм.

Хэрэг гарсны дараахан барилгын хятад ажилчдыг микро автобусанд суулгаад авч одсон гэх мэдээлэл байдаг.

Эх сурвалж: Шуурхай.мн