-Өнгөрсөн хугацаанд төрийн эрхийг барьж байсан АН долоо дахь удаагийн УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, парламентад есхөн суудлыг авч, цөөнх болсон билээ. Харин тэд саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд төрийн эрхийг шилжүүлэн авсан МАН-тай эн тэнцүү өрсөлдсөн ч эцэстээ мөн л цөөнх болсон-.


АН, МАН гэх улс төрийн хоёр том хүчин хэзээнээс мэсгүй тулалдаж ирсэн. Харин хэн нь цусгүй үхэх нь зөвхөн цаг хугацааны асуудал. Тэдний цусгүй үхэх,мэсгүй тулаан нь дөрвөн жилд нэг удаа хүчтэй өрнөдөг гэхэд болно. Энэ бол парламентын болон орон нутгийн ээлжит сонгууль юм. Өнгөрсөн хугацаанд төрийн эрхийг барьж байсан АН долоо дахь удаагийн УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, парламентад есхөн суудлыг авч, цөөнх болсон билээ.
Харин тэд саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд төрийн эрхийг шилжүүлэн авсан МАН-тай эн тэнцүү өрсөлдсөн ч эцэстээ мөн л цөөнх болсон. Төрийн анхан шатны байгууллагын төлөөлөлчдийг сонгох энэ удаагийн сонгуульд АН-аас 6900 нэр нэр дэвшигч өрсөлдсөн. Үүний 2650 нь буюу 37.9 хувь нь ялалт байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, 330 сумаас 104-т нь, нийслэлийн есөн дүүргийн гуравт нь АН олонх болж чаджээ.
Нөгөөтэйгүүр тэдний хувьд өнгөрсөн 2012 онд 200 гаруй суманд ялалт байгуулж байсан бол энэ удаад 104-хөн суманд олонх болсон нь төрийн эрхийг жолоодсон өнгөрсөн дөрвөн жилийнх нь ажлын үр дүн гэж ч харж болно. Тэр ч битгий хэл, гурван дүүрэгт ялалт байгуулсан гэж байгаа ч түүнийхээ нэг дүүргийг нь алдах эсэх дээрээ тулаад байгаа тус намынхан орон нутгийн сонгуулийн үр дүнгээ хэрхэн дүгнэж байгаа нь сонин. Нэг үгээр хэлбэл, тэд их ялагдалтайгаа эвлэрч чадахгүй сууна. Үүнийг өчигдөр болсон АН-ын орон нутгийн сонгуулиар ерөнхий менежерээр нь ажилласан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар мэдээллээс харж болох юм.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Бид энэ сонгуульд нэг л зарчим баримталсан. Ялсан бол ялсан шиг байж, ялагдсан бол ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ард түмний сонголтоор гарч ирсэн төлөөлөгчийг хэн нэгэн хүний шийдвэрээр буцаах нь ардчилсан улс оронд байж болохгүй зүйл. МАН-ын удирдлагууд энэ үйлдлүүддээ дүгнэлт хийх ёстой гэж харж байна. Аль, аль талдаа ялж ялагдаж сурах хэрэгтэй. Хэдийгээр тооны олон МАН талд байгаа ч гэсэн улс төрийн олонх эрх баригчдын амлалтаасаа ухарсан 100 хоногийг дүгнэсэн. Бид үнэмлэхүй олонхтой өрсөлдсөн ч ард түмэнд нэг зүйлийг ойлгуулж чадсан. 100 хоногт МАН бодлогогүй үйл ажиллагаа явуулж, амлалтаасаа ухарсныг ард түмэнд ойлгуулсан. Энэ нь сонгуулиар олж авсан маш том ололт байлаа" гэв.
Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн хорооны албан хаагчид сонгуульд оролцож байгаа аль нэг нэр дэвшигчийг дэмжих, эсвэл эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийхийг хориглосон байдаг ч энэхүү хуулийн заалтыг МАН Сүхбаатар болон Баянзүрх дүүрэгт уландаа гишгэж, хууль зөрчжээ. Тэдний өгсөн мэдээллээр бол тус дүүрэгт нэр дэвшиж байгаа хоёр хүнийг илт хууль бусаар нэр дэвшүүлэхээс татгалзсан төдийгүй эл асуудлаар шүүхэд хандаж анхан болон давж заалдах шатны шүүхээс "хууль бус" гэдгийг нь тогтоосон гэнэ.
Одоо эдгээр хүний нэр дэвшиж байсан тойрогт дахин сонгууль явуулах тухай шүүхийн шийдвэр гаргуулах үйл ажиллагаа явж байгаа аж. Үүнээс гадна тус дүүргийн VII тойрогт ирц хүрээгүй нэмэлт санал хураалт явуулах нөхцөл бүрдсэн байхад Сонгуулийн хороо ирц бүрдсэн гэж илтээр гуйвуулж 50 гаруй хүний саналаар илүү байсан МАН-ын хоёр нэр дэвшигчийг баталгаажуулсан гэлээ. Энэ мэтчилэн "хэрүүл" хийхээс өөр ярьж, хэлэх зүйл энэ намд байхгүй болчихсон юм шиг дүр зураг ч харагдаж эхэллээ.
Үнэндээ энэ удаагийн орон нутгийн сонгуульд улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН нэлээд хүч хаяж оролцсон. Үүнийг олон нийт хэнээр ч хэлүүлэлтгүй харсан, ойлгосон. Гагцхүү тэд ийн хүч хаяхдаа иргэдээ төлөөлнө л гэж байснаас эргээд намдаа зүтгэнэ гэдэг байдлаар хандаагүй л байлтай. Нөгөөтэйгүүр санал хураалт дууссан болохоор одоо хэний төлөө бус хэн нэр дэвших квот олгосныхоо төлөө л явах нь гэх хардлага бий болоод байна. Нөгөө талаасаа Сонгуулийн хороод дүнг нь зарласан л бол хуулийн дагуу төлөөгчдөө батламжлаад, хуралдаанаа хийгээд явахгүй, хэд хуваагдан сандал, суудлын хэрүүлээ хийсээр байгаа нь хамгийн урт удаан “настай” сонгууль гэж харахаас аргагүй нөхцөл байдлыг бий болголоо. Хэн, хэн нь ялалт хийгээд ялагдлаа хүлээн зөвшөөрч чаддаг, хийж бүтээх итгэл, сэтгэлтэй байсан бол 330 сум, есөн дүүрэгт сонгууль зохион байгуулахад хагас сарын хугацаа шаардагдахааргүй байлаа.

Эх сурвалж: