УИХ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөр багагүй цаг хугацааг туулан байж өнөөгийн парламентын өнгөн дээр ийнхүү батлагдав. Монгол төрийн авлигатай тэмцэх бодлого батлагдсантай холбогдуулан миний бие авлига үүсгэх нэгэн нөхцөл, шалтгааны талаар олон хүнд тодорхой ойлголт өгөх үүднээс нэр бүхий хүн дээр жишээлэн бичлээ.
 
Г.Дэнзэн гэдэг залуу яагаад хуулийн байгууллагад шалгагдаж байгаа вэ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн учраас тэр үү?
Энэ асуултад улстөржсөн өнгөөр хандвал “Тийм” гэж хариулах байх. Улстөржөөгүй өнгөөр хандсан ч хариулт нь “Тийм" гэж гарна. Яагаад гээч. Яагаад гэвэл Г.Дэнзэн бол Н.Алтанхуягийн хүргэн учраас тэр.
 
25 настай залууг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилсны цаадах маш тод, тов тодорхой учир шалтгаан нь ердөө л тэрээр Ерөнхий сайдын хүргэн буюу эгчийнх нь охины нөхөр байсанд байгаа юм.
 
Үүнд нас хамаагүй байж болно. 25 нас гэхээр яачихаад байгаа юм гэж уншигч та асууж магадгүй. Үнэндээ 25 нас ямар ч буруугүй, ерөөсөө хамаагүй. Тэр ч байтугай Дэнзэн өндөр боловсрол, мэдлэгтэйн шалгуураар тэрхүү албанд тавигдсан байлаа ч энэ нь огт хамаагүй. Гагцхүү Г.Дэнзэн нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн садангийн хүн гэдэгт бүх учир оршиж байгаа юм. Улстөржөөгүй өнгөөр өгсөн “Тийм” хэмээх хариултын гол зангилаа нь СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ гэдэг ойлголт билээ.
 
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг УИХ 2012 онд баталж хэрэгжүүлсэн. Тухайн үедээ шинэ сонин үзэгдэл болж байсан. Сонирхлын зөрчлийн харилцааг огт зохицуулж байгаагүй манай улсын хувьд энэ нь гарцаагүй шинэ содон хууль байв.
 
Энэ бол маш товчхондоо төрийн албан хаагчдыг нийтийн албан тушаалтнууд гэсэн нэгдсэн нэр томьёонд оруулан ойлгож, нийтийн эрх ашиг, сонирхлын төлөө алба хашиж байгаа хэн бүхэн хувийн ашиг сонирхлоо хорьж, хянаж, цагдаж байх тухай агуулгатай л хууль юм. Хэдийгээр энэ хуульд дутуу дулимаг зүйл олон байгаа ч манай төрийн албан хаагчдад дутагдаж байсан олон талын хэм хэмжээг гаргаж тавьснаараа дэвшилттэй.
 
Сонирхлын зөрчил гэж юуг хэлэх вэ, яавал сонирхлын зөрчил болох юм бэ? Хуульд энэ нэр томьёог тайлбарласан байгаа. Маш энгийн үгээр бол нийтийн ашиг сонирхол ба хувийн ашиг сонирхол хоёр зөрчилдөхийг л хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын хүргэний хувийн ашиг сонирхол миний, чиний, таны эрх ашиг, сонирхолтой зөрчилдсөнийг хэлж байгаа юм. Миний, чиний, таны эрх ашиг, сонирхол бол нийтийн ашиг сонирхол юм шүү дээ.
 
Нийтийн ашиг сонирхол гэдгийг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг” хэлнэ гэж тодорхойлжээ. Нийтийн ашиг сонирхол гэхээр олон нийтийн итгэлийг хэлдэг байх нь. Өөрт нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг Еренхий сайд Н.Алтанхуяг хувийн ашиг сонирхолтойгоо хольж хутгахгүй байх гэдэгт итгэх миний, чиний, таны итгэл юм.
 
Тэгвэл хувийн ашиг сонирхол гэж юу вэ? Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц  эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ" гэж тодорхойлсон байгаа. Хүн бүрт хувийн ашиг сонирхол бий. Төрийн албан хаагч ч гэсэн хүн учраас хувийн ашиг сонирхолтой байх нь түүний жам ёсны эрх. Н.Алтанхуяг сайдад ч мөн хувийн ашиг сонирхол бий. Магадгүй, тэр нь түүний төрсөн эгчийн охин “Ахаа, миний нөхрийг даргаар тавь л даа” гэдэг хүсэлт ч байж болох юм. Эсвэл хүргэнээ энэ албанд томилъё гэсэн Ерөнхий сайдын маань садан төрлийн сайхан сэтгэл байж ч болох.
 
Тэгвэл сонирхлын зөрчил гэдгийг хуульд хэрхэн авч үзсэн бэ? Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” хэлнэ гэжээ. Тэгэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон нь энэ хоёр хүний хэнийх нь ч хувьд албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болох нөхцөл байдал үүссэн гэсэн үг. 
 
Энэ хоёр хүн нийтийн ашиг сонирхлын төлөө аливаа шийдвэр гарах бүрт хэн хэнийх нь хувийн ашиг сонирхол дотроос нь чангааж, гаднаас нь түлхэж, улмаар дунд нь таталцлын хүч үүсгэх бөгөөд чухамдаа үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж ойлгож болно. Энэ сонирхлын зөрчил Г.Дэнзэнг олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулчихаад байгааг та бид мэднэ.
 
Хүргэн дүүгээ өндөр албан тушаалд томилсон нь ганц Н.Алтанхуяг сайдын асуудал биш. Сонирхлын зөрчил гэдэг ойлголтыг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, мэдсэн ч үл тоодог нь манай томоохон албан тушаалтнуудын гол алдаа болоод байна. Хүргэнээ, хүүгээ, охиноо, эхнэрээ бүү хэл арван жилийн ангийн найзаа ч албан тушаалд томилж болохгүй гэдгийг хуульд тодорхой зааж өгсөн. 
 
Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг”ойлгохоор тодорхойлжээ. Энэ заалт ялангуяа шийдвэр гаргах түвшний албан тушаалтанд бүрэн хамааралтай. Сонирхлын зөрчил гэх ойлголтыг үл ойшоовол эцэст нь юу болдгийг Г.Дэнзэнгийн түүх бэлээхэн сануулаад байна.
 
Шинэ парламент ажилдаа хэдийнэ орсон. Хаа сайгүй томилгоо, халаа сэлгээ хийгдэж байна. Халуун зунаар сонгогчдын өмнө толгой бөхөлзөж явсан эрхэм гишүүдийн зарим нь өдгөө хуулийн дээр хөлөө тавьчихсан сууж байх шиг сүүлийн үед харагдах болов. Тэдний амнаас тэр хууль ямар хамаатай юм, тэгж хянах ёсгүй, бид хянуулах учиргүй гэсэн үгс цухалзах болов.
 
Ардчилсан улс оронд хуулиас өөр дарангуйлал байх ёсгүйг тэд мартжээ. “АТГ Төрийн албаны зөвлөлийн ажлыг хийж байна” гэж нэг шинэ гишүүн зандарч харагдана лээ. Аль ч шатны ажлын байранд заагдсан шалгуур, шаардлагад бүрэн нийцсэн, ямар нэгэн сонирхлын зөрчилгүй нөхөр очиж томилогдох нь АТГ-ын ч, Төрийн албаны зөвлөлийн ч эцсийн зорилго гэдгийг мань гишүүн шинэдээд мэдэхгүй байж болох юм.
 
Өөр нэг гишүүн “АТГ төрийн бүх томилгоог хийдэг нь ямар учиртай юм” гэж уурлаж байсан. Хуулиа сайтар уншаад үзвэл, үг үсэг бүрийг нь холбож ойлговол АТГ ямарч томилгоо хийдэггүй бөгөөд томилох эрх бүхий этгээд нь ч биш юм. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хянах хуулиар хүлээсэн үүрэгтэй, хянаад энэ хүнийг энэ албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байна, эсвэл үүсэхээргүй байна гэдгийг мэдэгддэг. 
 
Зөвхөн мэдэгддэг юм байна. Хуулийн үг, үсэг энэ л дээ. Өөрөөр хэлбэл, иргэн Доржийг энэ албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй байна, томилох эсэхийг та өөрөө мэд дээ гэсэн утгатай юм. Доржийг томилох эсэх нь тушаал дээр гарын үсэг зурах тэр байгууллагын даргын эрх мэдлийн асуудал болохоос АТГ наад хүнээ томил, эсвэл томилж болохгүй гэж үүрэгддэг мэтээр андуурч болохгүй л дээ.
 
Өмнөх УИХ-ын зарим гишүүд сонирхлын зөрчил гэдгийг огоорон, хуульд захирагдахыг үл хүсдэг байсан. Хүргэнээ аврахын тулд өндөр эрх мэдлээрээ далайлган, АТГ-ын төсөв мөнгийг хомсдуулж, гар хөлийг нь туших оролдлого хийх гэж үзээд олон улсын байгууллагуудад хил дамнан зэмлүүлээд бүтэлгүйтэж байсан ч удаатай.
 
Өөр олон хүн Г.Дэнзэнгийн араас битгий яваасай гэх үүднээс сонирхлын зөрчлийн асуудлыг үл тоож болохгүй юм шүү гэдэг санааг энэхүү нийтлэлдээ миний бие дурдав. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаар тэр талын харилцааг зохицуулсан цогц хэм хэмжээ дээр, доргүй үйлчилж, энэ тогтолцоо улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.
 
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга
 Л.Төр-Од