Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хуралдаанаар МҮБ-ийн барилдааны дүрмийн зарим заалтыг хэлэлцэж, мөрдөхөд илүү ойлгомжтой болгох зорилгоор холбогдох журмыг батлан гаргасан байна. Тухайлбал, Үндэсний бөхийн барилдааны дүрмийн долоодугаар зүйл буюу “Бөхийн цээр, зэм шийтгэл” хэсгийг онцлон хэлэлцэж, 7.3-ийн “Г” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор дараахь журмыг гаргажээ.

Шинээр баталсан журамд Дүрмийн 7.3-ийн "Г”-д бөхийн цээрлэх хэсэгт заасан “Олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргах” гэдэгт дараахь зүйлийг тооцохоор нарийвчилжээ.

Үүнд, заал танхимд, үзэгчдийн дунд өмсгөлөө өмсөж, соёлгүй байдал гаргах, барилдааны эхэнд үзэгчид бөхчүүдээ үл хүндэтгэн жагсаж гарахгүй байх, цолтой бөхчүүд зориулалтын суудалд суухгүй байх, өрсөлдөгч бөхдөө болон засуул цэцдийн шаардлагын эсрэг заналхийлсэн үг, үйлдэл үзүүлэх гэх мэт, бөхийн дэвжээ, наадмын талбайд болон олон нийтийн өмнө бүдүүлэг үг, хараал хэлэх, барилдаан захалсан үед учраа бөхөө илэрхий элдэн хөөж, хашлага болон саад болох зүйл рүү зориуд мөргүүлэх, өмсгөлөө бүрэн гүйцэд хэрэглээгүй буюу өмсгөлийн стандарт хангаагүй байх, энэ талаар тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй байх, барилдааныг түр зогсоох үед зориуд мэх хийх, шаардлагагүй үед эмч рүү дахин дахин очих, зөвшөөрөлгүйгээр барилдаанаас завсарлага авах гэх мэт үйлдлийг гаргасан бөхчүүдийг олон нийтийн өмнө жудаггүй зан авир үзүүлсэн гэж үзэх ба тухайн бөхийг дүрмийн дагуу хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх ажээ.

Э.МӨНХ