Соёл, эрдэм шинжилгээний “Сувдан Сондор” хөтөлбөр, Монголын Үндэсний Музей хамтран Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржавын "Чулууны хээ" үзэсгэлэн 11-р сарын 08-ны 10 цагт Монголын Үндэсний Музейн музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.

Байгальтайгаа гүн дотно барилдсан мэлмий гярхай цуглуулагч Г.Гонгоржав бээр эх нутгийнхаа эрдэс чулуулагын тэрхүү гоо сайхны ертөнцийг өөрийн өнцгөөс өнгийн харж, уран байгалийн бүтээлийн унаган төрх, өнгө аяс, айзам шивнээг нэгээхэн цэг зураасны нэмэлт хачиргүйгээр нээн дэлгэхийг зорьсон энэхүү "Чулууны хээ" үзэсгэлэн нь Монгол орноо танин мэдэх, үндэсний өв соёлын угшил язгуур нь эх байгаль гэдгийг нээсэн өвөрмөц үзүүлбэрээс бүрдэж байгаа юм.

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Гомбожавын Гонгоржав өдгөө нас сүүдэр 80 хүрч буй манай ахмад сэтгүүлч, соёлын өв судлаач билээ. Тэрбээр Монголчуудын чулуун өв соёлын сэдвээр "Монголчуудын чулуун соёл" хэмээх судалгааны томоохон ном туурвисны зэрэгцээ Байгалийн түүхийн музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Уран зургийн галерейд 1994, 1995, 1996, 2000 онуудад нийт дөрвөн удаа үзэсгэлэн гаргаж байв.

Соёл, эрдэм шинжилгээний “Сувдан Сондор” хөтөлбөрийг яруу найрагч Г.Мэнд-Ооёо, ардын уран зохиолч С.Эрдэнэ, ардын зураач Н.Цүлтэм, академич Д.Цэрэнсодном, археологич Д.Наваан тэргүүтэй соёл, шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн санаачилгаар анх зохион байгуулж эхэлсэн бөгөөд Монгол эх орны өргөн уудам нутагт тархан оршсон түүх соёлын өв дурсгалыг судлах, хамгаалахад бүх нийтийн оролцоог идэвхжүүлэх, судалгаа шинжилгээний сан хөмрөгийг арвижуулах, цаашид байгаль, түүх соёлын өвд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туслах зорилготой билээ.

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржав нь "Сувдан сондор" багийн байнгын гишүүн бөгөөд байгалийн эрдэс чулуулаг хийгээд түүний бүтээгч гоо сайхныг илэрүүлэх, улмаар чулуун соёлын судалгааг арвижуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.

"Чулууны хээ" үзэсгэлэн 11-р сарын 08-с 13-ны хооронд Монголын Үндэсний Музейн музейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй нээлттэй ажиллах юм.