Өчигдөр орой “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дундуур “МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь нь 2015 оны 01-р сард тухайн үед эрх барьж байсан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа намынхаа тамгыг ч хүлээлгэн өгөөгүй үедээ МҮОНРТ-д улс төрийн зорилгоор томилогдон ирж өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд тус байгууллага нь, түүхэндээ байгаагүй “улстөржсөн” төдийгүй, МҮОНРТ-ийн өмчийг үнэгүйдүүлж, уран бүтээлчдийн ажиллах нөхцлийг доройтууллаа.” Гэсэн агуулга бүхий мэдээлэл гарсан.

Энэ мэдээллийн ард  “ММ” агентлагийн захирад Ч.Батцэнгэл байгаа гэсэн агуулга бүхий  мэдэгдлийг  МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн.  Улмаар гар утаснаас Ч.Батцэнгэл рүү чи халагдсан хэмээн смс илгээжээ.  Харин ямар учир шалтгааны улмаас үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа бичээгүй аж. Энэ талаар Ч.Батцэнгэлээс тодруулахад: “Энэ талаар нэг их ярьмааргүй байна. Байгууллагын л асуудал” гэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн асуудлыг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллуулахаар болж байна.