Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 267 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 495 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт 241 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 198 нь зөрчилгүй байсан бол 2-ыг нь буцааж, 40-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 254 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна.

Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхжаргал, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн С.Одонтуяа, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат нарын зэрэг 198 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна. Харин Төрийн орон сууцны корпорацийн дэд захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б-ийн мэдүүлгийг хянаж үзээд илт зөрчилтэй гэж үзэв.

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 2 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 40 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Өвөрхангай аймгийн болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.