Америк долларын ханш 2700 давж галзуурсан хойно Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Лхагважав “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом суларлаа.

Үүнийг Монголбанк тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр болсон. Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн модон үгтэй тайлбар хийв. Төв банкнаас зарласан хэвлэлийн хурлыг зорьж очсон сэтгүүлчдэд Б.Лхагважав захирлаас асуух асуулт олон байсан ч Монголбанкнаас гаргасан мэдэгдлийг “ба”, “бэ”-гүй уншиж танилцуулснаас өөр мэдээдэл өгсөнгүй.

Та нар өөрсдөө анализ хий, эдийн засагчдаас асуу гэсэн шүү битүү хатуу үг унагаад гарч одов. Ийнхүү Монголбанк яг ямар арга хэмжээ авч, ноён ногооныг номхруулах гэж байгааг зөвхөн тааж хэлэх үүрэг л сэтгүүлчдэд үлдсэн юм.

Монголбанкны хувьд өчигдөр хэвлэлийн хурал хийж бүрхэг утгатай мэдэгдэл хийснээс гадна банкуудыг хүсээд байхад өгөөгүй доллар, юаниа ээлжит бус дуудлага худалдаа зарлаж яаран сандран зах зээлд нийлүүллээ. Банкууд 2450-2490 төгрөгийн ханшаар 72.4 сая ам.доллар, 358.23-364 төгрөгийн ханшаар 73 сая юань худалдан авах санал өгсөн ч Монголбанк өмнөх өдөр нь дуудлага худалдаанд оролцоогүй юм. Төв банк яагаад дуудлага худалдаанд оролцсонгүй вэ гэсэн асуулт үүсчихсэн тэр үед Н.Баяртсайхан ерөнхийлөгч “Валютын ханшийг интервенцээр барих боломжгүй боллоо” гэсэн мэдэгдэл хийж даарин дээр давс нэмж орхисон. Гай, ачааг нь монголчууд өнөөдөр түрийвчин дэх хэдээрээ мэдэрч сууна. Төв банкны ерөнхийлөгчийг ийм мэдэгдэл хийснээс хойш ердөө цаг гаруйхан хугацаанд ам.долларын ханш 100 гаруй төгрөгөөр өсч түүхэн рекорд тогтоосон юм. Н.Баяртсайханы хувьд ажлаа авснаасаа хойш долларын ханшид нөлөөлсөн иймэрхүү мэдэгдлийг лав л дөрөв, таван удаа албан ёсоор хийгээд байгаа. Уг нь Төв банк уржигдар хуваарь ёсоороо валютын дуудлага худалдаанд оролцсон бол доллар 2700 давж өсөхгүй байсан гэх гаргалгааг эдийн засаг мэдэхгүй энгийн иргэн ч хийчихнэ. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дэлхий даяараа ам.долларын ханш уруудаж байхад Монголд эсрэгээрээ цойлсон шалтгаан нь ердөө энэ.

Өмнөх дөрвөн жил ам.долларын ханшийг шүүмжилж суусан МАН-ын гишүүд “Эдийн засаг тартагтаа тулчихсан учраас яах ч арга алга” гэж мөрөө хавчицгааж байна. Яг үнэндээ эдийн засаг зөвхөн өнөөдөр ингэтлээ сульдчихсан юм биш л дээ. Өнгөрсөн таван жилийн турш яг л ийм нөхцөлд монголчууд аж төрсөн. Гэхдээ тэр жилүүдэд ам.долларын ханш яст мэлхийн хурдаар аажуухан өссөн. Тодруулж хэлбэл, өмнөх засгийн үед 600-хан төгрөгөөр өссөн бол энэ засгийн өнгөнд кенгуру мэт үсэрч ердөө дөрөвхөн сарын дотор 600 төгрөгөөр өсчихлөө. Ам.долларын ханшийг атгаж суугаа нь улс төрийн тохироогоор гарч ирсэн Увсын хоёрын нөхөр. Хоёулаа улстөрч. Тодруулж хэлбэл, нэг нь Н.Баяртсайхан, нөгөө нь Б.Чойжилсүрэн. Намынхаа дохиогоор хөдөлдөг улстөрч Монголбанкийг тэргүүлэх нь ямар балагтайг монголчууд ахиад л мэдэрч эхэлж байна.

Үнэн хэрэгтээ ханшийг ингэж сулруулах хэмжээнд валют жигтэйхэн эрэлттэй болчихсон юм биш л дээ. Монголын эдийн засагт итгэх итгэл өнгөрсөн долоо, наймдугаар сард эрс муудсан, төр засгийн бодлогод итгэх хүн алга гэдэг бол хамгийн том шалтгаан. За тэгээд хямраад удаж буй эдийн засгаа сэргээх гарц шийдэл ярихгүйгээр өмнөхөө муулахаас өөрийг хийгээгүй МАН-ын тактик зах зээлд таалагдаагүй нь тодорхой асуудал. Төв банкны тэргүүний мэргэжлийн бус мэдэгдэл, үйлдлийн талаар ярих юм биш. Богино хугацаанд своп хэлцэл хийхээ зогсоосон, валютын дуудлага худалдаанд хойрго хандаж доллар огцом өслөө ч төв банк оролцохгүй юм байна гэсэн сөрөг сигналыг зах зээлд өгсөн, бодлогын хүүг огцом өсгөсөн гэж ирээд яривал ноён Н.Баяртсайханы санаатай ба санаатай бус үйлдэл хэрээс хэтэрснийг эдийн засагчид шүүмжилж байна. Засгийн газрын уржигдрын хуралдаанаар гүйцэтгэх засаглалын тэргүүн ханшийг захиргааны аргаар тогтворжуулах үүргийг Сангийн сайдад өгсөн нь зах зээлд паник үүсгэсэн гэж үзэх шинжээч ч байна. Долларын авах, зарах ханшийг захиргаадаж тогтоох нь гэсэн сөрөг хүлээлт ханшийг ёстой галзууруулж орхисон. Ядаж байхад Сангийн сайд өчигдөр “Засгийн газар долларын өсөлтийг анхааралтай ажиглаж байна” гэсэн гэнэн гэхэд хэтэрсэн мэдэгдэл хийж огцом муйхарлав. Төр засгийнхны ээлж дараалсан иймэрхүү ухвар мөчид мэдэгдлүүдийн хариуд гадагшаа төлбөр тооцоо хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд доллар олдохоо болиод байна. Өчигдөр гэхэд л “Хаан”, “Голомт”, “Хас” банкуудын хэд хэдэн салбараар ороход доллар зарахгүй гэсэн хариу өгсөн юм. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми “Засгийн газар, Төв банк тодорхой бус бодлого бариад байна л даа. Яг яах нь тодорхой бус байгаа учраас ханшид сөрөг нөлөө үзүүлэхээс аргагүй. Цаг алдалгүйгээр эдийн засагт эерэг дохио өгөхгүй бол ханшид нөлөөлсөөр байх болно. Засгийн газрын хүндрэлээс гарах төлөвлөгөө хэзээ батлагдаж яаж хэрэгжих нь тодорхойгүй, өөх ч биш, булчирхай ч биш байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. Ногоон валютыг дахин өндөр авахуулахгүйн тулд Монголбанкны зүгээс богино хугацаат своп хэлцлээ хийдэг болох, ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх өмнөх бодлогыг зогсоох биш үргэлжлүүлэх, валютын нөөц дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байгаа гэдгээ зарлах гэсэн зөвлөгөөг эдийн засагчид өгч байна. Мэдээж Төв банкны ерөнхийлөгчийн валют олох өөр боломжууд ч бий, зах зээлээ удирдаж чадна гэсэн эерэг мэдэгдлүүд зах зээлд үгүйлэгдэж байгаа. Товчхондоо, ийм чадваргүй, мэдлэггүй, мэдрэмжгүй, мэргэжлийн бус, коммунист эрх баригчдад хувийнхан, санхүүгийн захынхан итгэхгүй байгаа нь долларын галзуурлаар дамжин илэрч байна.

Гэхдээ валютын дуудлага худалдаанд оролцохгүй гэж байснаа ам.доллар 2700 давангуут зах зээлд валют нийлүүлж байгаа Монголбанкны үйлдлийг гэнэн тэнэгтээ, юу ч мэддэггүйдээ ингэчихлээ хөөрхий гэж тайлбарлавал хэтэрхий өрөөсгөл дүгнэлт болно. “Доллар өндрөө авч, нийгэм даяараа бужигнах мөчийг хүлээх...” гэсэн улстөрийн тактик бийг шинжээчид үгүйсгэхгүй байна. ОУВС-гаас “Стэнд бай” авах гарцаагүй шаардлага байгааг нийгэмд мэдрүүлэхийн тулд ийм жүжиг тавих санаа эрх баригчдад төрсөн байж мэдэх юм. Шок үүссэний дараа “ОУВС, Азийн хөгжлийн банкны зөвлөснөөр... “ гэсэн аятайхан тайлбартайгаар Таван толгойг хөдөлгөхөд хэн дургүйцнэ гэж. Барилгын салбарыг унасан дээр нь гишгэж, ипотекийг ор нэр төдий хөдөлгөсөн болж байгаа нь ерөөсөө л банкны салбарт итгэх итгэлийг бууруулах тактик гэсэн хардлага бас бий. Тэгэхээр засгийн дараагийн алхам Bank of China ч байж мэднэ. “Ингэхгүй бол доллар яалаа, мартаагүй биз дээ” гэсэн сануулга дагалдчихаар хэн ч юу ч ярихгүй гэсэн давхар тооцоо саяны шуугиан, дуулианы цаана байсан гэж таамаглах шинжээчид ч байна.

Иргэд өмд авч хүчрэхээ больтлоо мөнгөгүйджээ

Ам.долларын ханш иргэдэд хэр нөлөөлж байгааг тандахаар “Sunday”, “Баялаг ундраа” худалдааны төв, “Нарантуул” захаар орсон юм. Ажлын өдөр болоод ч тэр үү, түм түжигнэж өнждөг “Нарантуул” зах хүн цөөтэй байв. Өвлийн куртка худалдаалдаг С.Чанцал “Долларын ханш цаг, минутаар өсч буй энэ үед иргэдийн амьдрал ч тэр хэрээр доройтож байна. Энэ бүхнийг хараад суухаас өөр хийж чадах зүйл байхгүй болохоор яалтай ч билээ. Хүмүүсийн дулаан хувцсаа зэхдэг энэ үе уг нь бидний хувьд хамгийн ашигтай цаг. Одоо тийм биш болжээ. Сардаа хоёроос гурван удаа урагшаа явж бараагаа татдаг байлаа. Гэтэл сүүлийн үед хэзээ бараандаа явахаа мэдэхээ больсон. Юань өсөх хэрээр бид барааныхаа үнийг нэмдэг. Ингэж байж л түрээс, ашгаа гаргана. Төгрөг цаас болчихжээ. Төр засгаас авч болох бүх л арга хэмжээгээ аваасай гэж хүсмээр байна. Ард, иргэд чинь элгээрээ хэвтэж байна шүү” хэмээн бухимдангуй хэлж байлаа.

Гутлын лангуугаар явахад арьсан, загварлаг гутал сонирхож байгаа хүн цөөнгүй ч яг мөнгөө тоолоод авах нь ховор байв. Худалдагч “Юань өссөн. Гутал доошоо ярихгүй” гэх нь дуулдлаа. Хамгийн хямд, төсөр бараатай гэх захын лангуун дээр өвлийн гутлуудыг 45-280 мянган төгрөгөөр худалдаалж байна. Малгай ороолт зардаг С.Цагаанчулуун “Урьд нь өдөртөө 15-20 ширхэг малгай, ороолт зарчихдаг байлаа. Одоо бол хамгийн сайндаа наймаас есөн ширхгийг л зарж байна. Өнөөдөр гэхэд ганцхан малгай, ороолт зарлаа” гэв. Найзыгаа дагуулан өвлийн хувцсаа бэлдэхээр яваа Б.Аззаяа “Куртик, гутал авахаар ирлээ. 100 мянган төгрөгт багтаагаад авчихна гэж бодсон чинь хүрэхгүй нь. Өнгөрсөн жилийн өдийд ийм байгаагүй. Хэдэн төгрөгөөр буулгах уу гэхээр “Юань өссөн” л гэх хариу өгч байна. Ингээд өсөөд байвал нүцгэн гүйх бололтой” хэмээн ярилаа.

Ноосон өмд худалдаалдаг Б.Нямсүрэн “Түрүүхэн аав, ээж, хүү гурав ирээд өмд сонирхсон юм. Үнэтэй байна гээд хүүдээ л аваад явлаа. Аав, ээж хоёр нь хуучин өмдөө өмсье гээд худалдаж авсангүй. Би ноосон өмдөө хамгийн үнэтэйдээ 15 мянган төгрөгөөр зарж байна. Гэтэл саяын хоёр залуу хүүдээ 8000-ын нимгэн өмд авсан. Бараандаа удахгүй явах гэж байгаа. Юань өссөн болохоор үүнээс хамаагүй үнэтэй зарж таарна. Тэгэхээр ингэтлээ мөнгөгүйдсэн ард түмэн өмд ч авч өмсч хүчрэхгүй нь дээ охин минь” гэв. Валютын ханш амьдралд нь хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэдээс асуухад “Буух сураг ажиг байна уу, цаашид арай ингээд өсөөд байхгүй биз дээ” гэж эргэж асуух нь олонтоо байв.

Захын хажуугийн “Баялаг ундраа” төвд гурил, будаа худалддаг Н.Цацрал “Манайд бараа нийлүүлдэг борлуулагч удахгүй доллар дахиад өсч магадгүй гээд ургамлын тос, гурил, будаа, элсэн чихэр гээд нийлүүлдэг бараануудаа бөөндөхөөр авчирлаа. Арай хямд байгаа дээр нь авчихсан нь дээр ч байх гэж бодоод авсан. Хэзээ дахиад доллар өсчих бол гээд л дайн, дажин болох гэж байгаа юм шиг айдастай сууж байна” гэсэн юм. Худалдан авалт үнэхээр багассан нь илт. “Баялаг ундраа” төвийн хажуудах хүнсний бөөний худалдааны цэгүүд эл хуль байв. Худалдагчид нь урдуур хойгуураа явах хүмүүсийг чирэх нь холгүй “Нааш ир. Юу авах вэ. Манайд ор” гэхчилэн дуудацгаана. Иргэд хүнсний ногоо гэхээс илүү мах, гурилаа л авахыг бодож байх шиг байна гэж наймаачид ярьж байлаа.

Долларын галзуурал гутал, куртканы үнийг 10-15 мянгаар өсгөөд байна

“Sunday” худалдааны төвөөр ороход харин үйлчлүүлэгчид харьцангуй олон байв. Куртка, өвлийн гутлын лангуунууд бухимдсан хүмүүсээр дүүрэн. Наймаачид куртка, гутлынхаа үнийг дор хаяж 10-15 мянгаар нэмжээ. Гутлын лангуу түрээсэлдэг Д.Пүрэвжав “Сүүлийн гурван хоног доллар, юанийн ханш өссөнтэй холбоотойгоор гутал болоод бусад барааны үнэ 10-15 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Худалдан авалт муу байна. Ханш нь тэгтлээ өссөн мөртлөө банк юань, доллараа зарахгүй байна. Би өнөөдөр хоёр ширхэг гутал л зарлаа. Бусад лангууныхан маань ч ялгаагүй. Одоо лидерин гутал 90 мянган төгрөгөөр зарагдаж байна. Урьд нь арьсан гутлыг 90-100 мянган төгрөгөөр зардаг байсан. Гэтэл одоо доод тал нь 160 мянган төгрөг. Арьсан гутал авч байгаа хүн бараг алга. Чийг татдаг байсан ч хамаагүй гээд хямдыг нь л сонгож байна даа. Ер нь “Нарантуул” зах, “Sunday” худалдааны төвөөр нийгмийн дунд болон түүнээс доош давхаргын хүмүүс үйлчлүүлдэг. Долоо хоногийн өмнө ирээд үзэхэд бага үнэтэй байсан өнөөдөр яагаад нэмэгдчихэв” гээд л худалдан авагчид бидэнд буруу өгөх юм. Бид дурандаа нэмээд байгаа юм биш доллар, юань өсөхийн хэрээр л алдагдалд орохгүйн тулд ингэж байгаа юм шүү дээ” гэж ярилаа.

Ихэнх худалдаачид Хятадын бөөний наймаачидтай тохиролцож ажилладаг юм байна. Авах барааныхаа 10-30 хувийнх нь мөнгийг бэлнээр төлөөд үлдсэнийг нь зээлээр авдаг гэнэ. Юань хямд байхад зээлээр авсан барааныхаа үнийг юань өсөнгүүт өсгөхөөс аргагүй болдог нь ийм учиртай гэсэн тайлбарыг наймаачид өгч байсан юм. Худалдан авалт эрс буурсан гэдгийг уулзсан хүн бүр хэлж байв. Зарим наймаачид төдий тооны бараа авна гэж урьдчилгаа арваас гучин хувийн мөнгөө хятад түншдээ өгчихсөн ч эхнээсээ захиалгаа цуцлаад эхэлжээ. “Урьдчилгаа мөнгө ч дүүрчээ. Авах юм учиртай. Баахан бараа аваад ирдэг, зарагдахгүй бол бөөн дараа” гэсэн үгийг хэд хэдэн хүнээс сонсов. Бараагаа бүр татахаа больсон олон наймаачин байгаа гэнэ. Тус төвд лангуу түрээсэлж бэлэн хувцас зардаг Д.Чимэгсайхан “Манай орон дампуурлын ирмэгт ирчихсэн юм биш үү. Оффшор данстай, доллар хуримтлуулсан хүмүүс бидний хэрхэн зовж, ямар хүнд бэрхшээл туулж явааг мэдэхгүй. Доллар, юанийн өсөлт иргэдийн амьдралд яаж нөлөөлж байгааг энд ирээд бодитоор хараач гэж улстөрч, дарга нарыг уриалмаар байна” хэмээн ярилаа.