Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны 15:00 цагийн үед Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Улаанбаатар төмөр замын ногоон зооринд “зодоон болоод байна” гэх дуудлага ирсний дагуу шалгахад иргэн М нь мэсний шархтай олдсон байна. Түүнийг олох үед толгойн тус газар гурван удаа зүссэн, хутгалуулсан байдалтай байсан. Харин тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд хэргийн газрыг орхиж зугтаасан хэрэг гарсан.

 Тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлан 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дайчлан баривчилж МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.5 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Төмөр зам дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна.  Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах тухай заасан бөгөөд шүүхээс гэм буруутай гэж үзвэл 7-10 жилээр хорих юм.

Уг гэмт хэргийг 1966 онд төрсөн эрхэлсэн тодорхой ажилгүй БГД-3 хороонд оршин суудаг Ш, 1986 онд төрсөн БГД-7 хороонд оршин суудаг Б нар бүлэглэн үйлдсэн. Эхний мөрдөн байцаалтаар гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд ямар нэгэн этгээдийн захиалгаар хийгээгүй хувийн өс хонзонгийн сэдлээр М гэгчид халдсан гэж мэдүүлсэн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.