Шинэ жилээр 1000 хүүхдийг эрүүл бэлгээр дархлаажуулах "Эрүүл бэлэг - Эрүүл хүүхэд" 2016 аян эхэлжээ.

Аянаар СХД, БЗД-ийн хүүхдийн эмнэлэг, Хүүхдийн төв сувилал, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд дархлаа дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг бэлгийг гардуулах юм.

Уг аяныг "Бат гэрэлт үйлс " ТББ-ын санаачилгаар эхлүүлсэн бөгөөд ирэх сарын 30, 31-ний өдрүүдэд дээрх эмнэлгүүдээр өвлийн өвгөн, цасан охин айлчилж, хүүхдүүдэд бэлэг тараах юм.

Эрүүл, дархлаа дэмжих бэлгэнд аарц, ааруул, тараг, хүүхдийн дархлаа дэмжих амин дэмүүд, чацарганы шүүс зэрэг эрүүл мэндийг нь дэмжих эко бүтээгдэхүүнүүд багтах юм байна. Мөн бяцхан хүүхдүүдийн хөл, гарыг дааруулахгүй байх үүднээс оймс, бээлийг бас бэлгэндээ оруулах юм байна.

Аяныг санаачилсан "Бат гэрэлт үйлс" ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Ундрах хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд нийт 1145 хүүхдийн ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд хүүхдийн эмнэлгийн ачаалал ихээхэн нэмэгддэг. Ингээд шалаар гудас дэвсэн эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүүхдүүдээ хүлээн авдаг. Энэ байдал жилээс жилд л давтагддаг нь нууц биш.

Хүүхэд багачуудын маань хувьд эмчилгээнээс бусад цагт эмнэлэгт хийх зүйл байдаггүй. Үүнийг бодолцож үлгэрийн, буддаг ном, IQ хөгжүүлэх тоглоом зэргийг бэлгэндээ багтаахыг хичээж байна” гэв.

Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид болон хүүхдэд хэрэгтэй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг үйлдвэрлэдэг хувь хүн болон албан байгууллагуудыг аянд нэгдэж хамтран ажиллахыг тэрбээр урилаа.

"Эрүүл бэлэг- Эрүүл хүүхэд" аянд нэгдэхийг хүсвэл та "Бат гэрэлт үйлс" ТББ-ын фэйсбүүк хуудаст нэгдэж, 99106580 дугаараар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

М.Буянжаргал