Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгийн хилээр гарах эрхийг хориглоод байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тодруулбал, түүнийг энэ сарын 5-ны өдөр Герман улс руу зорчихоор Москва-Берлиний чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан саатуулсан юм. Хилийн хоригийг прокурорын байгууллагаас тогтоосон бөгөөд ямар үндэслэлээр тогтоосон бэ гэдгийг өөрсдөө албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Алтанхуягийн гэргий Х.Сэлэнгийн дансаар их хэмжээний мөнгө шилжиж орсон учраас хилийн хориг тогтоосон гэх мэдээ олон нийтэд хүрсэн. Тэгвэл эл мэдээллийг Х.Сэлэнгийн өмгөөлөгч С.Баянмөнх үгүйсгэн тухайн мэдээллийг цацсан сайтыг шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан Монгол телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцохдоо түүний эргэн тойрны хүмүүсийг хууль хяналтынхан хоморголон баривчилж байгаа нь “Бүлэглэл”-тэй холбоотой. Тэдний хийж байгаа ажил хэмээсэн юм. Тэгвэл манай улсын Төрийн гурван өндөрлөгийн гэргий нар их хэмжээний мөнгө төгрөгтэй холбогдож байсан эсэх талаарх мэдээллийг сөхөж үзлээ. Өөрөөр хэлбэл Монголын медиагаар цацагдсан мэдээлэлд мониторинг хийж үзсэн юм. Судалгааны дүнг харвал эрчүүд л энэ асуудалд орооцолдож байсан болохоос гэргий нарын тухайд мэдээлэл хомс юм. Харин сайн үйлсийн аян, нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн үйлсийг түлхүү хийсэн мэдээлэл давамгайлж байна. Харин 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу одоогоос 5 жилийн өмнөх энэ өдөр Монгол улсын Тэргүүн хатагтай Х.Болормаа АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо болсон Дэлхийн улс орнуудын Тэргүүн хатагтай нарын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг жил тутмын хандивын арга хэмжээнд оролцож 1800 төлөөлөгчдөд хандан үг хэлсэн аж.

 

C.U.R.E төслийн арга хэмжээний хүрээнд хийгдсэн энэхүү хандивын үеэр 1500 гаруй чек цугларсан бөгөөд энэ хандиваа Монгол улсад өгсөн байна. /Зарим хэвлэлд 2,5 тэрбум төгрөг гэж мэдээлсэн/. Мөн C.U.R.E төслийн энэ удаагийн хандивыг үйл ажиллагааг Рио Тинто ивээн тэтгэсэн байдаг юм. 

Тийм ч учраас Oюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх Захирал, Рио Тинто компанийн суурин төлөөлөгч Камерон МакРэй “C U R E төслийн арга хэмжээг ивээн тэтгэж, Тэргүүн хатагтайн зүгээс АНУ-д хүрэлцэн ирж үг хэлэхэд дэмжлэг үзүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлжээ.

C.U.R.E төслийн талаар танилцуулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор чухал шаардлагатай эмнэлгийн хэсэгсэл, тоног төхөөрөмжөөр дэлхийн улс орнуудыг хангах үйл ажиллагаа явуулдаг буяны төсөл юм. Тийм ч учраас Тэргүүн хатагтай Х.Болормаа Монгол улсынхаа ард иргэдийн эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж, Рио Тинто Монгол Улсын Их Хурлын гишүүдийг “шуналтай” хэмээн доромжилж асан хүнд цаг үед их хэмжээний хандивыг монголдоо татаж чаджээ. Харин С.Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн “Эрх баригчидтай тэрсэлдвэл мөрдөн хорихын хаалга татдаг, ажлаас нь халахын тулд хүнийг шалгадаг болсон, захиалгатайгаар хянадаг шалгадаг аймшигт нийгэм эргэн ирсэн” энэ хүнд цаг үед Тэргүүн хатагтайн олж ирсэн хандивын мөнгө Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гэргий Х.Сэлэнгийн данстай андуурагдаад байгаа юм биш биз гэх болгоомжлол өөрийн эрхгүй төрж байна.