-18 жилийн өмнө хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийнхний дүгнэлт үлгэр домог болж үлдсэн үү-


Маргааш С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид байрлах шүүх танхимд болно. Уг шүүх хурлын зарим нэг зүйлийг нь улсын нууцад хамаатуулсан учраас хурлыг хаалттай хэлэлцэх болсон. Харин хохирогчийн ар гэрийг төлөөлж, УИХ-ын гишүүн асан С.Оюун шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг прокурорт болон шүүхэд хандан гаргаад байна. Мөн уг хэрэгт холбогдогчид гэгдэж байгаа хүмүүс ч нээлттэй явуулахыг хүссэн гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Тиймээс ч хаалттай хаалганы цаана ямар шийдвэр гарах бол гэсэн олон нийтийн хүлээлт бий болоод байна. Угтаа бол шүүх хурал болохтой холбогдуулан иргэд өөрсдийн байр сууриа ил тодоор илэрхийлж хэргийн жинхэнэ эзэд шүүгдэх гэж байна уу. Уг хэрэг улс төрийн захиалгатай байсан уу. Амьд гэрчтэй хэр нь хэрэг яагаад бүтэн 18 жилийн дараа ийнхүү илэрч ногоочин, малчин гэх мэт хүмүүс буруудах болов оо гэсэн асуултыг олноор тавьж байгаа юм. Хамгийн хачирхалтай нь энэ аллагыг хууль хяналтынхан хийгээд улс төрийн хүрээнийнхэн олон жилийн турш захиалгат аллага гэж хэлж ярьж байсныг монголын ард түмэн мэдэж байгаа.
Гэтэл хэргийг шалгаж байсан прокурорууд нь улс төрийнх биш ахуйн хүрээний, шунахайн сэдэлтэй аллага байсан гэж тогтоожээ. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн хугацаанд цагдаа, тагнуулын байгууллагын ажлын хэсгийнхэн энэхүү хэргийг мөрдөхдөө улс төрийн захиалгатай аллага хэмээн үзэж байсан.
Гэтэл яагаад 18 жил улс төрийн захиалгатай хэмээн тодотгож байсан хэрэг гэнэт шунахайн сэдэлтэй ахуйн хүрээний хүн амины хэрэг болчихов гэдэг нь хачирхалтай. Мэдээж энэ бүхний учгийг маргааш болох шүүх хурлаар дэнслэх учраас дахин, дахин нурших нь илүүц байх.

Хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцах магадлал өндөртэй

Ямартай ч энэ хэрэгт холбогдож буй Орхон аймгийн харьяат иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл ангийн заалтаар шүүхээр болсон. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 91.2.1 шунахайн сэдэлтээр, 91.2.4 захиалгаар, 91.2.6 өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.10 хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, 91.2.13 нийтэд аюултай аргаар, 91.2.16 хоёр буюу түүнээс олон хүнийг гэх зүйл ангитай. Ямартай ч шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол тэд 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улс төрийн зорилготой гэгдэж байсан энэ хэрэгт энгийн иргэд буруутаж тэд чухам юуны учир, хэний захиалгаар Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтнийг хөнөөх болов гэдэг нь асуултын тэмдэг болон үлдсэн хэвээр байна. Цаашдаа ч асуултын тэмдэг чигээрээ үлдэнэ гэж учир мэдэх хүмүүс ярьж байгаа нь үнэн. Угтаа бол эдгээр нэр бүхий гурван хүнээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хийгээгүй хэргийнхээ төлөө маш хүнд зүйл ангиар яллуулж насаараа нарсанд суух боллоо гэж олон хүн үзэж буй юм. Тодруулбал, цаазын ялтай байсан Ц.Амгаланбаатарт С.Зориг агсны хэргийг үүрүүлж гэм зэмгүй байсан малчин, ногоочин хоёрыг хэлмэгдүүлж ийнхүү яллах боллоо гэж үзсэн хэрэг. Түүнчлэн тус хэргийг шалгаж байсан ажлын хэсгийнхэн гурван жилийн өмнө С.Зориг агсныг хөнөөсөн этгээдүүд хоёр эрэгтэй хүн байсан гэдгийг нь хэргийг мөрдөж байх явцдаа тогтоосон гэдэг. Хэдийгээр бүтэн 18 жилийн турш хэргийн амьд гэрч болох талийгаачийн эхнэр Д.Булган өнөөг хүртэл эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан гэж мэдүүлж байгаа ч үүнийг зөрүүтэй мэдүүлэг байсан гэж зарим нэг хуульчид үзэж буй аж. Юутай ч хэргийн энэ мэт зүйл учир битүүлэг буй учраас хэргийн үнэн зөвийг дэнслэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар хэргийн үнэн зөвийг дэнслэхээр болж байгаа. Бидэнд олдсон мэдээллээр М.Алдар шүүгчид дарамт шахалт ирж байгаа ч хэргийн үнэн зөвийг олно хэмээн тэрбээр сэтгэл шулуудсан тухайг хуульчид хүртэл ярьж байсан. Нэгэнт энэхүү хэргийг улс төрийн захиалгатай биш ахуйн хүрээний аллага болгож хувиргасан учраас М.Алдар шүүгчийг зөв шийднэ гэсэн итгэл үнэмшил ч үгүй байж мэдэх талтай. Бидэнд олдсон баттай эх сурвалжийн мэдээллээр бол уг шүүх хурлыг хойшлуулна. Учир нь хэргийн хавтаст хэрэгт авагдсан зарим зүйл нь учир дутагдалтай учраас ийнхүү хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хойшлуулна хэмээн хэлж байсан юм. Магадгүй хамгийн наад захынх нь Д.Булганы өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдийг дахин нягтлах, мөн энэ хэрэг 18 жил улс төрийн захиалгатай аллага гэдгийг үе, үеийн тагнуул, цагдаагийн байгууллагын ажлын хэсгийнхэн тогтоосон байхад яагаад одоо ахуйн хүрээний аллага болов гээд олон зүйлийг шалгаж тогтоох магадлал өндөр. Мөн түүнчлэн өнгөрсөн хугацаанд Хотын дарга асан Э.Бат-Үүлийг тус хэрэгт оролцоотой хэмээн нийгэмд дуулиан шуугиан тарьж байснаа гэнэт яагаад хэргийн гадна үлдээх болсон шалтгаан нь юу байв гээд нягталж шалгах зүйл олон бий нь бодоит үнэн.

Улс төрийн захиалгатай аллага хэмээн ажлын хэсгийнхэн 18 жилийн өмнө тогтоосон

Яг үнэндээ өнгөрсөн 18 жилийн хугацаанд С.Зориг агсны хэргийн золиос болсон хүмүүс ихэдсэн үү гэхээс цөөдөөгүй. Тухайлбал, 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс хойш энэ хэрэгт нийт 450 гаруй хүнийг сэжиглэн цагдан хорьж байсан. Эдгээр хүмүүс Бат, Оюун гэх үг орсноос болж баривчлагдсан гэдэг. Угтаа бол Д.Булган гэмт этгээдүүд нэгнийгээ Батаа, Оюунаа гэж дуудсан хэмээн мэдүүлэг өгснөөс болж ийн баривчилсан хэрэг. Тэгвэл дээрх 450 гаруй хүнээс бидний хамгийн сайн мэдэх нь Францаас баривчлагдаж ирсэн Дамирангийн Энхбат агсан мөн олноо “Ард Батсүх” нэрээр танигдсан Я.Батсүх гээд маш олон хүний нэрс цааш хөврөх болно. Түүнчлэн энэ хэргийг тухайн үед чадварлаг, туршлагатай алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг томилогдон ажиллаж байсан ч эрэн сурвалжлах ажиллагааны явцад санамсаргүй мэт боловч санаатай гэмээр эргэлзээтэй үйл явдлууд гарч ажлын хэсгийг татан буулгаж Монгол Улсын эрүүгийн албаны нэрт мөрдөгчид болох хурандаа Ц.Жамъянсэнгээ агсан, хурандаа Д.Базаргүр нарыг ажлын хэсгээс гаргаж байсан гэдэг. Угтаа бол тэд С.Зоригийн амийг хөнөөсөн гэмт хэрэг урьдаас бэлтгэн зохион байгуулсан улс төрийн санаа зорилготой, захиалгат аллага байсан гэдгийг тогтоосон байсан учраас дээрээс яаралтай тухайн ажлын хэсгийг татан буулгах үүргийг өгч байсан тухайг 2012 оны дөрөвдүгээр сарын 6-ы өдөр цагдаагийн бэлтгэл дэд хурандаа З.Батсүх манай сонинд ярилцлага өгөхдөө онцлон хэлж байсан юм. Тиймээс л 18 жилийн турш улс төрийн захиалга хэмээн нэрлэгдэж байсан эл хэрэг гэнэт ахуйн хүрээний аллага болж хувирсан нь сонирхолтой. Анхнаасаа тус хэргийн жинхэнэ гэмт этгээдийг илрүүлэхгүй байх зорилгоор аллага гарсны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр талийгаачийн цогцсонд тухайн үеийн Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны сайдын тушаал гаргаж комисс томилолгүйгээр задлан шинжилгээ хийсэн тухай ноцтой баримт ч одоог хүртэл яригдсан хэвээр байгаа. Түүнчлэн хэргийн газрын анхны үзлэг хангалтгүй хийгдэж, талийгаачийн амь тавьсан хивсэнцрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй гээд олон зүйлийг тухайн үеийн ажлын хэсгийнхэн шинжлэн тогтоосон ч энэ асуудал үлгэр домог мэт болон үлдсэн нь харамсалтай.
Тиймээс л маргааш болох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эл хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хоёр гэр бүлийн хувь заяа хамаарах болоод байна. Хэрвээ уг хэрэгт буруутгагдаж буй Д.Содномдаржаа, Т.Чимгээ нар гэм буруугүй нь шүүхээр эцэслэн тогтоогдвол энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асуулт байна.

Эх сурвалж: