Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь “ЕБС-ийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г батлан, бүтцийг жил бүр өөрчилж ирснийг больж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан юм.

Энэхүү журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний ид үед гурван долоо хоног буюу энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрах юм. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм. Өөрөөр хэлбэл хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байна.

Харин аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байхаар болсон. Мөн орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төлөлтийн үеэр амрааж байх зохицуулалтыг хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох аймгийн Засаг даргад олгожээ.

Сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулсан. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс тус тус амардаг болно.