Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа.


-А.Сүхбат аварга, Х.Баянмөнх аварга тэргүүтэй хэдэн хүн Монголын үндэснйи бөхийн холбоог шинэчлэх цаг болсон гэж нэлээд бухимдаж байх шиг байна. Энэ ямар учиртай юм. Та нарын дунд байгаа маргаан хаанаас, хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Үндэсний бөхийн холбоо их хурлаа 1990 онд хийхэд би тэргүүнээр сонгогдсон. 1994, 1998 онуудад мөн сонгогдсон. Харамсалтай нь энэ үеэс бөхийн холбоо өмчтэй болсон. Тэр нь бөхийн өргөө. Тэгэхэд зарим бөхийн дотор шуналын гал асч эхэлсэн юм байна. “Монголд өнөөдөр бөхийн өргөөнөөс өөр авах юм алга. Энэ бөхийн өргөөг бид заавал авна” гэж дээрх нөхөд ярьсан байдаг. Тэр үг нь бидэнд ирсэн. Монголд нууц юм гэж алга байна шүү дээ. 1970,1980- аад онд эрчээ авсан бөхийн найрааг арилгахын тулд дөрвийн давааг оноодог болгоод, бөхчүүдийг амжилтаар нь эрэмблэдэг болсон, харцага, гарьд цолыг бий болгосон Энэ шинэчлэл зарим бөхөд таалагдаагүй. Тиймээс энэ шинэчлэл дээр дөрөөлөн бөхийн холбоо руу дайрч Бөхийн өргөөг булаан авахыг улайрсаар өнөөдрийг хүрсэн. Таваас зургаан хүн Бөхийн холбоог авахаар улайрч байна.

-Монголын үндэсний бөхийн холбоо үүссэн түүхээс сонирхуулахгүй юу?

-“Монголын үндэсний бөхийн холбоо” бол 26 жилийн түүхтэй байгууллага. Анх 1990 оны дөрөвдүгээр сард бөхчүүд болон бөхөд хайртай хүмүүс үүсгэж байгуулсан юм. Өмнө нь самбо, жүдо, үндэсний бөхийг хамарсан Монголын бөхийн холбоо гэж байлаа. Тухайн үед тэр холбоонд орон тооны удирдлага байхгүй, төрөөс санхүүждэг төржсөн байгууллага байлаа. Ингэхдээ чөлөөт бөх, самбо, жүдогоо илүүтэй анхаардаг байсан болохоор монгол бөх бол хавсаргын шинжтэй байсан юм. Ийм байдалтай байгаа учраас ирээдүйд монгол бөх гэдэг өв соёл хохирч болохыг анхаарч Монголын үндэсний бөхийн холбоо байгуулаад ажилласнаар энэ байгууллагын түүх эхэлсэн. Анхны “Их эе”-ээ тэр оныхоо арванхоёрдугаар сард хуралдуулж, тэргүүнээр намайг сонгосон. Бид анхнаасаа “Монгол бөхийг дээдлэх үзлийг дээд шатанд гаргана” гэдэг бодлогыг барьж ажилласан, тэгээд дээд шатанд гаргасан. Ингэхдээ монгол бөхөд 50 шинэ зүйл бий болгосон юм.

-Ямар 50 шинэчлэл хийсэн юм бэ?

-Жагсаалт нь байгаа. Энэ тухай ном хүртэл гаргасан. Үүний зөвхөн нэг нь буюу хүний нүдэнд ил харагдаж байгаа нь бөхийн өргөө. Харагдахгүй байгаагаас нэрлэвэл монгол бөх гэх ойлголтыг тодорхойлсон, монгол бөхийн аксиомыг томьёолсон гэх зэрэг олон ажил бий. Манай удирдлагын тогтолцоонд “Их эе” гэж нэрлэдэг их хурал бий. Энэ их хурлаараа тайлангаа хэлэлцэж, шаардлагатай өөрчлөлт оруулан дүрмээ баталж, Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, тэргүүнээ сонгодог. Мөн хяналтын албаны илтгэлийг сонгон хэлэлцдэг юм. Цэцдийн зөвлөл 67 хүний бүрэлдэхүүнтэй, цэцдийн зөвлөлөөр барилдааны дүрэмтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг. Цэцдийн зөвлөлөөсөө тэргүүлэгчдийг сонгоно. Харин тэргүүлэгчид сар тутам хуралдаж, тулгарсан асуудлыг хэлэлцэнэ. Бөхийн холбоо бусад спортын байгууллагуудад жишиг болон ажилласаар ирлээ. Тухайлбал, бөхийн малгай, залаа гэдгийг бий болгосноор уяачид, шагайчид малгай, залаатай болсон. Гиннест монгол бөхийг бүртгүүлснээр морины холбоо, шагайн холбоо, сурын холбоо энэ ажлыг хийсэн. Бусад олон холбоо энэ талаар манайхаас туршлага аваад явж байна. Мөн “Монгол бөхийн нэвтэрхий толь” гэдэг түүхэн бүтээл гаргалаа. Энэ мэтээр манайх бусдадаа үлгэр болж ажилладаг. ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвийн хамгаалалтын жагсаалтад монгол бөхийг бүртгүүлсэн. Одоо таван жилийнхээ тайланг бичээд ЮНЕСКО руу явуулах гэж байна. Иймэрхүү ажлуудыг хийж, хэрэгжүүлж, эх орондоо төдийгүй олон улс, дэлхийд монгол бөхийг сурталчилсан. Аймаг, сум бүрт манай салбарууд ажилладаг.

-Одоо бөхийн найраа маш их байна, утгаа алдлаа гэж тэд ярьж байна шүү дээ. Найрааны энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-А.Сүхбат сумын заан таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин 500 сая төгрөгийн найраатай байна гэж ярьж байна. Ийм баримт олсон нь сайн байна. Одоо тэр бөхчүүдийн нэрийг цохоод хэлэх хэрэгтэй. Тэгвэл шударга болно. Бид арга хэмжээ авч, барилдах эрхийг нь хасч чадна. Монгол үндэсний бөхийн аварга цолтой хүн ийм болчимгүй мэдэгдэл хийснээрээ яг өнөө цагт монгол үндэсний бөхөөр барилдаж байгаа, бөхийн алдар цолонд хүрч, түүний төлөө амь амьдралаа зориулан хөдөлмөрлөж байгаа залуу хүчтэнүүдийг бүгдийг нь гутаан доромжиллоо. Залуу зургаан зааны үе гэж монгол бөхөд яригддаг. Тэд үнэхээр уран хурц, дайчин барилдааныг ард түмэндээ үзүүлдэг байсан. Монгол бөх бол үе үеэрээ хөгждөг. Өнөөдөр залуу зургаан зааны үе шиг уран хурц барилдаанаараа үзэгч олноо баясгаж байгаа залуучууд олон бий.

-Монголын үндэсний бөхийн холбоог буруутгаад байгаа нэг шалтгаан нь хөрөнгө мөнгөний асуудал байна. Танайх орлогын мэдүүлгээ ил тод гаргадаг юм уу?

-Бөхийн холбоог Монголын төрийн хянан шалгах хороо гээд хянадаг шалгадаг байгууллагууд нь олон удаа шалгасан. Одоо сар тутам, улирал тутам тайлангаа улсад тушаадаг. Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс бид одооны шилэн дансны хууль гараагүй байхад шилэн дансны зарчмаар ажиллаж эхэлсэн. Тэр нь юу гэвэл, тайлангаа цаасан дээр бичиж хэвлээд тэргүүлэгчид, бөхчүүддээ тараадаг болсон. Бөх үзэхээр ирж байгаа үзэгчдэд хүртэл тараасан. Үүнээс хойш А.Сүхбат зэрэг хүмүүс биднийг идэж ууж байна гэж гүтгэж ярьж чадахаа больсон.

-2002 онд Үндэсний бөхийн холбооны “Их эе” хуралдсан байдаг. Энэ хурлаас хойш л таныг хууль бусаар ажиллаж байгаа хүн гэдэг болсон байна?

-2002 онд их хурал болсон. Энэ хурлаар А.Сүхбат, Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Х.Баянмөнх нар намайг энэ ажлаас гаргах хуйвалдаан хийсэн юм билээ. Гэвч тэр нь бүтээгүй. Тийм болохоор Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, А.Сүхбат нар шүүхэд худал нотлох баримт гарган өгч, хэрүүл маргаан үүсгэсэн нь одоо хүртэл үргэлжилж байна. Тэр хурлын тооллогын комиссын дарга нь Ж.Ганболд байсан. Тэр тооллогын комиссын тогтоолыг хармаалаад зугтаасан. Шүүх тооллогын тогтоол байхгүй учраас сонгууль болсныг гэрчлэхгүй гэдэг юм. Гэвч бид ухарч буцалгүй, цуцаж няцалгүй 14 жил олон шинэ ажлыг хийлээ. Харин А.Сүхбат, Х.Баянмөнх, Ж.Ганболд нар түүнээс хойш төрийн өмчийг яаж хувьдаа авч болох вэ, ямар арга байна вэ гэдэг ажлаар хөөцөлдсөн хүмүүс. Шүүхдэж мэргэшсэн хүмүүс юм байна лээ. Спортын төв ордны хажууд байгаа хоёр цогцолборынх нь нэгийг Ганболд, нөгөөхийг нь Сүхбат хувьдаа түрээсэлж авсан. Одоо тэд өөрсдийн хувийн өмч болгосон байна. Ийм л дүнтэй юм.

-Өнөөдөр Монгол ардын нам монголчуудын бүтээн бий болгосон бүх зүйлийг эзлэн авч байна. Тэдний хар саварт ороогүй ганц зүйл нь Монголын үндэсний бөхийн холбоо байх шиг байна. Тиймээс ч Сүхбат, Сумъяабазар тэргүүтэй Ардын намын эрх баригчид сүүлийн өдрүүдэд бөхийн холбоо руу илт дайрч байгаа нь анзаарагдах юм.

-А.Сүхбат Бөхийн өргөөг булааж авах гэж улайран зүтгэж байна. Тэр бөхийн өргөөг хувьцаат компани болгоно гэж ярьж байна лээ. Мөнгө олохын тулд төрийн эзэмшлийн хувьцаагаа төр шууд зарна. Тэр хувьцааг нь Х.Баянмөнх аварга, А.Сүхбат тэргүүтэй таван хүн хувааж авах юм гэнэ. Ингэхийн төлөө тэд үхэн хатан зүтгэж байна. Энэ чинь Монголын бөхчүүдийн эрх ашгийн төлөө зүтгэж байгаа хэрэг мөн үү? Бөхийн өргөө бол Монголын үндэсний бөхийн холбооны өмч. Үүнийг зээлийн барьцаанд тавьж болохгүй, хувьчилж болохгүй. Энэ өмчийн тухай аливаа асуудлыг “Их эе”-ээр шийднэ. Өөр хэн ч шийдэж болохгүй. Энэ барилгыг нуртал нь бөхчүүд энд барилдана. Өнөөдөр барилдаж байгаа хэдэн хүнээр монгол бөх дуусчихгүй шүү дээ. Ирээдүйд барилдах бөхчүүдийн ч өмч. А.Сүхбат Төв аймгийн тойрогтоо гурван хүн тутмын нэгийнх нь саналыг авч гарж ирчихээд, төрийн эрх мэдлээр далайлган Бөхийн өргөөг булааж авах гэж байгаа нь төрийн хүний ёс зүйд нийцэх үү. Энэ нь А.Сүхбат гэж хүнийг ямар чанартай эр болохыг харуулж буй үйлдэл мөн.

-Аваргуудын зөвлөл гэж байдаг юм билээ. Чухам яг ямар байгууллага вэ. Танай холбоонд хамаардаг уу?

-Манай холбоонд ажиллаж байгаад тодорхой шалтгааны улмаас халагдсан нэг залуу Аваргуудын зөвлөл гэж байгуулах тухай яриад ийм зөвлөл байгуулжээ. Тэр зөвлөлд нь олон аварга багтдаггүй байх. Энэ бол сайн дурын байгууллага. Монголын үндэсний бөхийн холбооны зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүнд байдаггүй. Анзаараад байх нь ээ Аваргуудын зөвлөл гээчийг Японы мэргэжлийн сумог дуурайж байгуулсан гэдэг. Гэвч тэд буруу ойлголттойгоор, буруу зөвлөл байгуулсан юм билээ. Тодруулбал, Японы сумогийн аваргуудын зөвлөлд нийгмийн бүх давхаргын нэр нөлөөтэй төлөөлөл болсон эрхмүүд багтдаг байна. Багш, эмч, дуучин, улстөрч зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй зөвлөл сумогийн аваргуудынхаа гаргасан алдаа дутагдал, ёс зүйг хэлэлцэж, хариуцлага тооцдог. Тэрхүү аваргуудын зөвлөлд мэргэжлийн сумогийн ёкозүна цолтой нэг ч бөх байхгүй. Гэтэл манайд яг эсрэгээрээ Аваргуудынх нь зөвлөлд үндэсний бөхийн аварга цолтой бөхчүүд багтаж, тэд нийлээд Монголын үндэсний бөхийн холбоонд үүрэг өгдөг, гол нөлөө үзүүлдэг байгууллага мэтээр нийгэмд харагдаж буруу ойлголт төрүүлээд байна. Бөхийн ёс жудгийн тухай, зөв үлгэр дуурайллын тухай тэд ярьж байгаа бол болно гэхсэн. Гэтэл тэс өөр зүйл яриад байна. Монгол бөхийн аваргууд гэдэг бол Монголын өв соёлын дархлаа болсон хүмүүс шүү дээ. Үүнийгээ тэд ухамсарлаж ойлгохгүй байгаа юм.

-Бөхийн өргөөг барихад төрөөс 800 сая төгрөг өгсөн учраас төрд очих ёстой гэж байна.

- Төрийн бус байгууллагын тухай хуульд төрөөс төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлж болно гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу 800 сая төгрөгийг төр өгсөн. Тэр нь хуулийн дагуу манайд өгсөн төрийн дэмжлэг юм. Бид “Монгол бөхийн өргөө” гэдэг маш том төсөл хэрэгжүүлсэн.

-Р.Нямдорж тэргүүн хууль бусаар Монголын үндэснйи бөхийн холбоог тэргүүлээд байна гэдэг?

-Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12-ын 4-т зааснаар Төрийн бус байгууллагын тэргүүн нь дараагийн тэргүүн ажлаа хүлээж автал ажлаа үргэлжлүүлэн хийж байх ёстой. Энэ хуулийн дагуу ажиллаж байна.

-Та тэргүүний ажлаа өөр хүнд өгчихөж болдоггүй юм уу?

-2014 онд дараагийнхаа хүнд өгнө гэдэг шийдвэрийг гаргачихсан байлаа. Гэтэл дээрх нөхөд дундуур нь орж үймүүлээд хурал хийлгэсэнгүй. Одоо 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, улмаар “Их эе”-ээ хийж тэргүүнээ сонгоно. Бид энэ ажлыг хүлээлгэж өгнө. Гэхдээ хэнд хүлээлгэж өгөх бэ гэдэг нь хамгийн гол асуудал. Ард түмний толгойг эргүүлдэг хүмүүст өгөхгүй. А.Сүхбат нартай хамааралгүй хүмүүсээс сонгуулна. Монголын бөхчүүд ийм сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Бөхийн холбоо гэж байхгүй, бөхийн өргөөний суурь ч тавигдаагүй байх үеэс нэгэн насны амьдралаа зориулсан болохоор энэ холбоог зөв сайхан сэтгэлтэй хүмүүс авч яваасай гэх хармын сэтгэл төрдөг юм. Зөв бодолтой, зөв зам мөртэй хүн цааш нь үргэлжлүүлэн авч явснаар монголчуудын өв соёлын дархлаа болсон монгол үндэсний бөх зуун зуунд хадгалагдан орших учиртай.

Н.ГАНЧИМЭГ