SB picture, Lodic film-ийн хамтран бүтээсэн “Хөлтрөг” уран сайхны киноны нээлт 2013 оны 11 дүгээр сарын 08-нд Тэнгис, Өргөө кинотеатрт болох гэнэ. Энэхүү киноны зураг авалтын үеэр олон сонин зүйлс тохиолдож байсан бөгөөд киноны зохиолоо уншиж ажилдаа орсон уран бүтээлчид ч их айдастай байжээ. Туслах найруулагч Б гэнэтийн цочирдолд орсоны улмаас одоог хүртэл хэвийн бус байдалтай байгаа гэнэ шүү. Зураг авалт хийх газраа сонгож явах явцад тэрээр хий зүйл хараад эхэлжээ.

   Зураг авалт ихэвчлэн шөнийн цагаар хийгдэж байсан бөгөөд зөвхөн дэнлүүний гэрлээр шийдэгдсэн нь зураглаачийн ур чадвар харагддаг бөгөөд жүжигчдийн хуьд амьдралд байхгүй ер бусын зүйлийг мэдрэмжийн хир хэмжээг барьж тоглох, 6 дахь мэдрэхүйгээр дамжуулан харьцдаг далд ертөнцийн тухай бодож байгаа бодлоор илэрхийлэгдэж байгааг чадварлаг гаргасан юм. Энэхүү киноны үзэгчдэдээ хүргэж буй гол санаа нь эх үрийн хайр, хүүхэд гэдэг бурханаас өгсөн бэлэг юм, энэ бэлгийг хайрлах нь эрхэм чухал зүйл гэдгийг харуулсан бөгөөд өсвөр насны охид хөвгүүдийн үерхэл, нөхөрлөл, хайр дурлалаас үүдэн гарах алдаа оноог Замилангийн өөрийн хийсэн үйлийн үрээ амсаж байгаагаар нэг өдөр шөнийн 24 цагийн дотор киноны үйл явдал өрнөж байгаагаар харуулдаг.

   Киноны зохиолыг 2012 онд бичигдэж, дүр сонголт, бэлтгэл ажлууд хийгдсээр ийнхүү "Хөлтрөг" сэтгэхүйн драм үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн болоод байна.

   Хүн зовлонгийн үндсийг өөрөө л тарьдаг.
Өөрийн хийсэн үйлийн үрээс зугатаах юм шиг андуурахын хэрэггүй, Өрөөл бусдын үйлийн үрийг үүрэх юм шиг айхын хэрэггүй.... /Богд Зонховын айлдвараас/

   “Хөлтрөг” киноны найруулагчаар МУСТА С.Болд-Эрдэнэ, зохиолч МУСТА С.Болормаа, Ерөнхий зураглаачаар Э.Нэргүй, Хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат /Алтан ураг хамтлагийн/, Т.Түмэнхүү, Зургийн дарга МУСТА Н.Батбилэг, Туслах найруулагч О.Батнасан, Асисент найруулагч Бямбажаргал, Туслах зураач Б.Мөнхжин, Э.Нямсүрэн, Нүүр хувиргагч Л.Цэрэндулам, Дууны найруулагч О.Цэгмид, Эвлүүлэгч Э.Анхжаргал, менежер МУСТА Б.Нямсүрэн нар ажиллажээ. 

   Энэхүү киноны гол дүр Даваагийн дүрд МУСТА Н.Ялалт, Замилангийн дүрд жүжигчин О.Долгор, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь, Р.Баттогтох, О.Мөнхсоёл, МУСТА С.Болормаа, Н.Ирмүүн, Б.Бат-Эрдэнэ нар тоглож, киноны дууг МУСТА Татаар хамтлагийн дуучин О.Заяа, Франксеал хамтлагтай дуулсан юм.

   Энэ киноны найруулагч УДЭТ-ын жүжигчин МУСТА Сугарын Болд-Эрдэнийн хувьд онцлон хэлбэл түүний аав доктор профессор МУУГЗ СУИС-ийн уран чадварын багш С.Сугар, ээж Дундговь аймгийн ХДТеат, соёлын орднуудад найруулагчаар ажиллаж байсан МУСТА С.Нэргүй, эгч СУИС-ийн багш, жүжигчин С.Болормаа гээд урлагийн авъяаслаг гэр бүлд төрсөн бөгөөд анх удаа киноны найруулагчаар ажиллаж  байгаа буюу эгч МУСТА Сугарын Болормаа зохиолыг бичжээ. Тэрээр тайзны 60 гаруй жүжгийн гол ба туслах дүрд, дэлгэцийн 20 гаруй кинонд тоглож байсан бөгөөд ээж С.Нэргүйгийн хамтаар нэг өдөр Төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ гялаалгаж байсан бахархмаар амжилттай жүжигчин билээ.