АН-ын даргад нэр дэвшигчийг 2016 оны 12 сарын 12-ноос 17 хүртэлх хугацаанд АН-ын Сонгуулийн Хороо бүртгэснээр УИХ- дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ,  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд асан Л.Гантөмөр нар  намынхаа даргын сунгаанд оролцож,  бүх шатны гишүүдтэйгээ уулзаж яваа билээ. АН-ын даргад нэр дэвшигчдийн  сонгуулийн сурталчилгаа 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн бөгөөд  нийт 40 хоног үргэлжилж,  2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр санал хураалт болно. 
 
Тэгвэл үүнээс өмнө АН-ын даргад нэр дэвшигчдийн тоо цөөрч магадгүй болсон тухай эх сурвалжууд өгүүлж байна. Тодруулбал Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тун удахгүй албадан саатуулж болзошгүй болжээ. Түүний өөрийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд Засгийн газраас зарласан тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн.Энэ мэтээр хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд Н.Алтанхуяг нь  ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай гэж үзэн, шалгаж буйгаа Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат албан ёсоор мэдэгдээд буй. Тэр ч бүү хэл Н.Алтанхуяг баривчлагдах нь нэгэнт тодорхой болсон тул улс төрийн дэмжлэг бий болгох зорилгоор л АН-ын даргад нэр дэвшсэн гэж улс төрийн тодорхой хүрээнд яригддаг нь нууц биш.
 
Мөн АН-ын даргад нэр дэвшигчид дундаас нэр цэвэр, шударга, харьцангуй рейтинг өндөр яваа УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ч сонгуулиас шахах хувилбар боловсруулагдаж буй бололтой. Үүнийг ч баталж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан намынхаа гишүүдтэй уулзах үеэрээ: " Хуйвалдааны төр бий болчихоод байна...Хууль хяналтын байгууллагын дарга нар нь над руу ярьж байна. Ж.Батзандаан, нэр татчих, тохирьё гэж ярьж байна" гэжээ. Юутай ч АН-ын жирийн гишүүдийн дэмжлэгийг хамгийн ихээр авч буй нэр дэвшигчдийг хачирхалтай байдлаар сунгаанаас хасах сонирхол зарим эрх мэдэлтнүүдэд байгаа бололтой.
 
Э.Мягмар
www.sonin.mn