“Хурган дарга”, хэзээ хэн гэгч нь гаргасныг мэдэхгүй ч тун оноод өгчихсөн нэршил юм шиг санагддаг юм. Юугаа ч мэдэхгүй атлаа дарга гэх сэтэр л зүүсэн бол доороо ажиллаж байгаа хэдийгээ дарамталж, өөрөө танигдахгүй болтлоо өөрчлөгдчихдөг хачин зантай дарга нарыг бид шоглож төлөг, эр хониор биш хургаар төлөөлүүлэн ёжилж нэрлэсэн хэрэг л дээ. “Хурган дарга” нар тун ямаан омогтой.

Болж л өгвөл хэдэн ажилчдаа дарамталж, өөрөө сээхэлзэж суухыг хүснэ. Ер нь манай улсад гурван хүн тутмын нэг нь дарга гэх сэтэр зүүдэг гэдэг худлаа биш байх шүү. Тэр дарга нар нь ажлаа мэддэг юм уу гэхээр мэдэхгүй, амьдралаа хэрхэн сайжруулах, өөрийнх нь түрийвч түнтийхэд анхаарахаас биш өрөөлийн амьдралд нэмэр болж байгаа юм ч байхгүй.

Иймэрхүү дарга нараар Монгол Улс маань дүүрчихээд байгаа учраас энэхүү сэдвийг хөндөж бичихийг хүслээ. Анх удаа ч хөндөж байгаа хэрэг биш. Өмнө нь бид олон удаа энэ сэдвийг хөндсөн ч төр засаг солигдоход нэг нь халагдаж, нөгөө нь ирээд аанай л ажлыг тамлаж, амьдралаа өөд татсаар суудаг.

Энэ бүхнийг жишээ баримтаар дурьдахад ч хангалттай. Саяхан УИХ-ын чуулган хуралдаж яам, агентлагийн дарга, мэргэжилтнүүд гишүүдэд байцаагддаг юм байна. Төсвийн талаар, төсөвтэй холбоотой асуудлаар өөрсдийнхөө салбар салбарт мэддэг чаддагаа тайлагнах энэхүү байцаалтад бүгд бүдэрч орхив. Ямартай л бэлтгэж ирсэн цаасаа зарим нь олохгүй хайж давхилдаад эцэст нь олохгүй болонгуутаа мартчихаад ирж гэж хэлээд загнуулж зогсохов.

З.Энхболд дарга “Та нар бэлтгэлтэй ирээч. Та нар л хариулт өгөх ёстой биз дээ. Хэн тэгээд энэнд чинь хариулах юм” хэмээн бухимдаж, өнөөдүүл нь эгээ л багшдаа зэмлүүлсэн хүүхэд аятай нугдайн сууж байгааг хараад ичсэн гэдэг жигтэйхэн. Өмнөөс нь нүүр улайгаад, хэлэх ч үг олдсонгүй. Энэ бол зөвхөн нэг жишээ. Цаашлаад тэдэнд мэддэг сэдэв байдаг юм уу гэж заримдаа эргэлзэхэд хүрнэ.

Хэвлэл мэдээллийнхэн очоод иргэд олон нийтийн мэдэхгүй байгаа асуултад хариулт авч, тэр талаарх мэдээллээ зузаатгах санаатай очиход юу ярихаа мэдэхгүй хүмүүс захаас аваад замаар дүүрэн. Бараг л сэтгүүлчийн мэдлэгээс ч нимгэхэн мэдлэгтэй нөхөр тэр салбарыг даргалчихаад, тэнд дүр эсгээд сууж байна. Хэвлэлийнхэн бид төгс биш. Харин тэд л бидний асуусан асуултад жинтэйхэн хариу өгөөд, няцаалт хийгээд таахгар зогсч байвал бид ч гэсэн тэднийг үнэлэх үнэлэмжээ өөрчилнө биз дээ.

Гэтэл мэдлэг нимгэн дээрээ хамраа сөхчихсөн тэднээс эгэл иргэдэд хүргэх мэдээлэл олж авна аа гэдэг ёстой ховрын бараа олж авах гэж дайн үүсгэдэг шиг юм болно доо. Би мэдэхгүй сайдаас асуу, сайд зөвшөөрвөл ярина, мэдээлэл хараахан аваагүй байна гэх мэт жижүүрийн хариулт өгчихөөд зогсч байгаа “малнууд” ховордохгүй, улам нэмэгдэж байгаа нь эмгэнэлтэй.

Хамарт нь хөө түрхчихсэн аятай нөхдүүдээс өөр тэр ажлыг чадварлаг хийчих өчнөөн мянган залуус бий. Даанч нам, улс төр гэх гажиг тогтолцооноос болж тэд гудамжинд лааз өшиглөж, тэдний хамгийн сайн хийж чадах ажлыг дарга, сайдад долигонож чадсан нэг тэнэг мал авчихаад байгаад учир байгаа юм.

Энэ гажиг тогтолцоо хэзээ арилахыг хэн ч хэлж мэдэхгүй байгаад л гол учир нь байна. Уг нь даргад долигонож, нам дагаж намирагсад биш мэддэгээрээ гайхуулсан залуус төрийн албанд ажилладаг болчихвол хэчнээн амархан хөгжих вэ, манай улс.

Бид хөгжихгүй байгаагаа гайхаж, 76 гишүүдийг занаж зүхдэг. Харин тэдний дор байгаа хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон дунд шатны албан хаагчдаас бид амьдрал доройтож, алхам алхмаар тусгаар тогтнолоо алдаж байгаа хариуцлагыг нэхэх учиртай. Улсын хөгжил дүүргээс гэдэг биз дээ.

Яг түүн шиг хүний хөгжил доод, дунд шатнаас эхэлнэ. Доод дунд шатандаа хэний ч мэдэхгүй байсан нөхөр улс төрд гарч улстөрч болчихоод байгаа учраас л бид дээд, доод, дунд гэсэн гурван шатны “малнуудтай” болж байна. Дунд шатны “малнууд” хэзээ нэг чанаржина даа.
 
Б.Өнөртогтох