Улаанбаатар хотын төвийн дүүргийн "Централ тауэр" албан барилгад тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Уг мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тус барилгад яаралтай очиж, тэсрэх бөмбөг байрлуулсан эсэхийг шалгаж байгаа аж. Мөн үүнтэй холбогдуулан барилгад үйл ажиллагаагаа явуулдаг компани албан байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоож, хүмүүсийг гаргаж байна.

"Централ тауэр"-ын 15 дугаар давхарт байрладаг Канадын Консулын газарт Дани улсын иргэн нэвтрэхийг завдсан бөгөөд тэрбээр консултай уулзуулахгүй бол тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэж заналхийлсэн гэх мэдээлэл тархаад байгаа юм.

Дашрамд дуулгахад, 2013 оны есдүгээр сарын 17-нд Гал үндэстэн хөдөлгөөний удирдлагууд Төрийн ордон руу галт зэвсэгтэй нэвтэрч цагдаа нарт саатуулагдсан юм. Тэднийг баривчсны дараа "Централ тауэр" барилга, Байгаль орчны яамны барилгад тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл цацагдаж байв.