Өчигдөр өглөө буюу ням гарагт зарим нэгэн шатахуун түгээх станцуудад бензиний үнэ нэмэгдсэн байлаа. 

 “Петровис”-ийн салбаруудаар АИ92-1,630 төгрөг болжээ. Мөн “Шунхлай”-н салбаруудаар АИ92- 1,625 төгрөгөөр борлуулж байв. 

Сүүлийн үед орон нутагт бензиний үнэ нэмэгдсэн хэмээн мэдээлэл ирж байсан ч нийслэлд хараахан үнийн өөрчлөлт ороогүй байсан юм. Гэтэл энэ удаагийнх ямар шалтгаанаар үнэ нэмэгдсэн талаар тодруулах гэсэн боловч амралтын өдөр тул албаны хүмүүстэй холбогдох боломжгүй байлаа.

Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан юм.

Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс 50,000 төгрөг болгож, / 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 төгрөг болгон бууруулж тогтоосон. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байсан юм.

Гэтэл зарим нэг компаниуд яагаад бензиний үнэ нэмсэн шалтгаан өнөөдөр тодорхой болох байх. Гэхдээ онцгой албан татварыг багасгаад байхад яагаад ингэж нэмж байгаа нь иргэдэд тийм ч таатай санагдахгүй л болов уу.