Монгол Улсын Засгийн газар хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрүүдээ түүхий эдээр тогтвортой хангах зорилт тавьж, “Мах сүүний анхдугаар аян”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс орон даяар өрнүүлж эхэлсэн. Энэ хүрээнд хуурай сүүний тоног төхөөрөмжийг танилцуулах эхний ээлжийн сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2017.02.09/ ХХААХҮ-ийн яамны хурлын танхимд боллоо.  Сургалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн,  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, албаны болон  хөдөө орон нутгаас ирсэн сүүний үйлдвэрлэл, фермерийн аж ахуй эрхлэгчид, хоршоологчид оролцлоо.

Үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрбээр “ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах зорилтыг дэвшүүлсэн. Манай яамнаас Мах, сүүний анхдугаар аяныг өргөн хүрээнд авч үзэж, сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй, тэжээлийн тариаланг дэмжих, мах, сүү бэлтгэлийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, мах, сүүний боловсруулах салбарыг хөгжүүлэх, дотоодын хэрэглээ болон экспортыг нэмэгдүүлэх гэсэн чиглэлүүдээр зохион байгуулахаар ажиллаж байна” гэдгийг онцоллоо. Мөн “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд олон зорилтот арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь өнөөдрийн сургалт, хэлэлцүүлэг болж байна. Энэ удаагийн арга хэмжээнд эхний ээлжид Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгаас сүүний үйлдвэрлэл, фермерийн аж ахуй эрхлэгчид, хоршоологчид, мөн сүүний салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнууд оролцож байна. Орон нутагт хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрүүдийг байгуулснаар ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг бүрэн ашиглах, сүүний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Ялангуяа алслагдсан бүс нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг хуурай сүүний үйлдвэрийн технологид тулгуурлан ашиглах үндсэн нөхцөл, боломж бүрдэнэ. Түүнчлэн хуурай сүүний импортыг орлох үйлдвэрлэл хөгжсөнөөр гадагш чиглэсэн валютын урсгалыг дотооддоо үлдээнэ” гэв.

Энэхүү шингэн сүүг хатаах зориулалттай, Японы төхөөрөмж нь  ажлын 8 цагт тухайн орон нутгийн сүүний хангамжаас шалтгаалж 240-600 литр сүү боловсруулах хүчин чадалтай юм. Хуурай сүү үйлдвэрлэх энэхүү технологийг 2017-2025 он хүртэл хугацаанд нэвтрүүлж, төсөл хэрэгжсэнээр тогтмол ажлын байр бий болно гэж тооцоолж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сургалт, хэлэлцүүлгийн нээлтэд оролцож, хуурай сүү үйлдвэрлэх тоног төхөөрөмжтэй танилцах үеэр  “Манай улс 60 гаруй сая малтай ч гадаадаас хуурай сүү импортоор авдаг. Энэ төхөөрөмжийг орон нутагт ажиллуулснаар байнгын худалдан авагч, хэрэглэгч бий болно. Энэ хэрээр зах зээл дээрх үнэ тогтворжиж, малчин айл өрх ч өдөр тутмын орлоготой байх боломж бүрдэнэ. Цаашид хуурай сүүнийхээ хэрэгцээг дотооддоо хангаж улмаар экспортод гаргах хэмжээнд очих зорилт тавьсан. Монголчууд хийж чаддаг зүйлээ өөрсдөө үйлдвэрлэе, хийсэн бүтээгдэхүүн маань иргэдийн хэрэглээ, шаардлагыг хангасан байх ёстой” гэв.

“МDM” ХХК захирал Д.Энхболд “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж  буй Мах сүүний анхдугаар аяныг дэмжин, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, алслагдсан орон нутагт хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, улмаар гадаад зах зээлд экспортлох боломжийг бий болгох зорилгоор хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төсөл нь хоёр жилийн турш хэрэгжиж байна. Өнөөдөр анхны төхөөрөмж орж ирж танилцуулж байна. Энэ оны тавдугаар сард багтаагаад 60 ширхэг орж ирнэ. Цаашдаа төсөл хэрэгжих хугацаанд 1000 төхөөрөмжийг оруулж ирэхээр төлөвлөж байна. Аймаг сум, багийг энэ төсөлд хамруулахаар ажиллаж байна. Малын тоо  толгой, төллөх мал, сүүний гарцаас хамаарч  хуурай сүүний  тоног төхөөрөмж  тавигдана" гэсэн юм.