​“Нэг удаагийн аяга” гэдэг шиг “Нэг жилийн” төлөөлөл УИХ-д байх юм. Сонгуулийн ерөнхий хороо саяхан хуралдаж УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мандатыг хүчингүй болгох тухай хэлэлцсэн аж.

“Нойртой хоноё гэвэл нохойгоо Ноён сууя гэвэл зарцаа хайрла” гэж монголчууд зүгээр нэг хэлээгүй юм байна. Үнэхээр ч өөрсдөд нь нойр, хоолоо умартан зүтгэж байсан туслахууддаа гэм зэмээ тохож шоронд хориулчихаад байхад олон нийт жигшин зэвүүцэж байсан. Үүний дараа холбогдох мөнгөн торгуулийг гэмт этгээдүүд төлж буй дүр эсгэн сонгогчдыг худалдан авсан эрхмүүд УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр энэ хэрэг дуусгавар болсон юм.

Гэвч тэднийг төсөв батлах гээд чухал царайлаад сууж байх хооронд хэрэг сөхөгдөж хууль бусаар олж авсан суудал нь ганхаж буй бололтой.

УИХ-ын гишүүний туслах, тойрог дахь бие төлөөлөгчид гэгч нь өөрсдөө улстөрч болох шахаж “онилсон сумны өмнүүр орох шахан” нэр дэвшигчээ хамгаалж байдаг хачин хүмүүс. Тэр хүмүүсийн үнэнч байдал, үзэл бодлын нэгдэл, итгэл үнэмшлийг яалтай вэ. Харин хууль зөрчсөн тохиолдолд өмнөөс нь ялыг нь үүрч гишүүнээ “уснаас хуурай” гаргасан тохиолдол тийм ч олон биш. Тиймдээ ч “Бидний хийсэн хууль бус хэргийг манай дарга нар, нэр дэвшигчид мэдээгүй” хэмээн гунигтайхан өчих нь нэн харамсалтай санагдаж байв.

Энэ тохиолдолд хуулийн байгууллага хэнд ч хамаагүй ял хүлээлгэх бус жинхэнэ гэмтэнг олох учиртай. Гэхдээ үүнийг нутагтай зартай баянд тооцогдох нэр дэвшигчдийн халааснаас гарах задгай мөнгөөр хэмжиж боломгүй.Тийм ч учраас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар өөрсдөө хариуцлага хүлээвэл, энэ боломжийг нь УИХ-аас олгож “халдашгүй дархан эрх”-ээс нь түдгэлзүүлээд ч атугай жинхэнэ үнэнийг тогтоовол ардчилсан оронд амьдарч байгаа гэдэгтээ итгэмээр л байна. Хэрэв ийм нөхцөл байдал даамжирвал ардчиллын үнэт зүйл болсон сонгууль гэгчийг явуулахаа больчихмоор юм. Түрүүлэх морьдыг зүслээд бооцоогоо тавьдаг морин тойруулгын уралдаан ч ийм шударга биш болдоггүй. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мандатыг хүчингүйд тооцож эгүүлэн татсан тохиолдолд тэдний оронд Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар төлөөлөл болох учиртай. Бидний мэдэхийн Ц.Нямдорж, Д.Дорлигжав нар л нам өөртэй ч гэсэн эв найртай түнжинтэйгээрээ гайхуулдаг юм. Тэр сайхан уламжлалыг нь залгамжлаад явж чадвал Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар нь Д.Нямхүү, Мэндсайхан нартай эв түнжинтэйгээ үлдэх биз. Гэхдээ энд хатуу анхааруулах нэг зүйл бол гэмт этгээд буруу үйлдэл хийсэн л бол хариуцлагаа хэн нэгэнд тохох бус өөрөө л эдлэх учиртай.

Энэ тохиолдолд юу­ны өмнө СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ ил тод болгох нь “агаар, ус” мэт чухал байна. Гэтэл хурлын шийдвэрээ яагаад нууцлаад байгаа нь тодорхойгүй. Мөн Захиргааны хэргийн шүүх уг хэргийг шийдвэрлэхгүй. СЕХ шийднэ” гэсэн. Харин одоо УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын ярьж байгаагаар бол “Ялалт байгуулчихсан учраас хуулийн дагуу парламентад сууж байгаа” гэнэ. Ийнхүү СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хуралдааны дүгнэлтээ хэлэхгүй “нууцлаад”, эсвэл дүлэгнээд байгаагаас болж Захиргааны хэргийн шүүхийн байр суурийг хэн дуртай нь өөрийнхөөрөө тайлбарлаж сууна.

Түүнчлэн яг одоо Увсын тойргийн маргааныг улс төрийн тохироо гэгчийн ард нууж сонгогчдын саналыг “царцаах” уу. Эсвэл Монгол Улсын иргэн бүрт хууль үйлчилнэ гэдгийг нотолж УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж туслахууд, бие төлөөлөгчдөдөө тохсон гэм зэмийг нь өөрсдөөр нь хүлээлгэх үү гэдгийг харцгаах үлдэж байна. Ямартай ч нутаг усныхаа нэрийг байн байн сэвтээж, хууль бус уу, хууль ёсных уу гэдэг нь үл мэдэгдэх хоёр төлөөллөө харах бүртээ Увс нутгийнхан сэтгэл дундуур байгаа нь лавтай. Ийнхүү “бараг гишүүн” гэдэг шиг  “түр гишүүд”-ийн асуудлыг яаралтай нэг тийш болгох шаардлагатай болжээ.

 

У.Оргилмаа