УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарыг АТГ-аас Цагаан сарын өмнөхөн буюу өнгөрсөн сарын 21-нд хорьсон билээ.

Тэднийг цагаан сараас өмнө суллаж гэж байсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй өдийг хүрсэн. Харин өмгөөлөгч нар нь баасан гарагт нийслэлийн Прокурорын газар хүсэлт гарган тэднийг батлан даалтанд гарган гадуур байцаах хүсэлтээ уламжилсан бөгөөд энэ хариуг өнөөдөр өгнө болов уу гэсэн таамаг байгаа. 

Б.Гарамгайбаатарыг Н.Батбаяраар дамжуулан хүүгийнхээ компани болох “Монроуд” компани руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгааг албаны эх сурвалж онцолж байсан. Тухайлбал тэрээр ЗГ-ын 124-р тогтоолыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа батлуулсан байдаг. Тэгээд уг тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөгийг хүү Г.Тэнгисийн зам барилгын “Монроуд” компани руу өгөх шийдвэр гаргасан байдаг аж. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяртай холбоотой нэгэн компаний данс руу “Монроуд” компаний мөнгө орсон байж болзошгүй баримт олджээ. Мөн Н.Батбаярыг ЗГ-ын тогтоол гаргуулалгүй УИХ-р огт батлуулалгүй дур мэдэн Хөгжлийн банкаар дамжуулан хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн, Яармаг дахь орон сууцны хорооллын зураг төсөл зэрэг гурван ч асуудлаар давхар шалгаж байгаа гэнэ.

Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг юм байна.

Гэвч Б.Гарамгайбаатар хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан мэдээ байна. Тэрээр өөрийн хийсэн хэргийг хууль ёсонд харшлаагүй гэж үзэж байгаа бололтой.