Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд хамгийн ихээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа сэдвийн нэг бол хаврын морин уралдаан билээ.

Саяхан болсон Дүнжингарав морин уралдааныг шүүхээс хориглосон ч тэмцээнийг зохион байгуулснаар олон хүний дургүйцлийг хүргэсэн юм. Хамгийн гол нь морин уралдааны гол хохирогч нь унаач хүүхдүүд гэдгээр нь ард иргэд шүүмжлэлтэй хүлээн авч байгаа билээ. 

Энэ жилийн Дүнжингарав наадмын үеэр 900 орчим хурдан хүлэг уралдсан бөгөөд харин 13 хүүхэд мориноосоо унасан талаар албаны эх сурвалжууд мэдээлж байсан. Гэхдээ мориноосоо унаж хүнд бэртсэн хүүхэд байхгүй гэж тэд мэдэгдэж байсан юм. 

Гэтэл өнгөрсөн оны уралдааны үеэр 7155 хүүхэд оролцсоноос 423 хүүхэд мориноос унаж бэртсэн бол 2014 онд 621 хүүхэд мориноосоо унаж 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр гэмтэж байжээ. Харин 2013 онд 916 хүүхэд хөнгөнь 34 хүүхэд хүндэвтэрь дөрвөн хүүхэд хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдаж байсан харамсалтай явдал болж байжээ. 

Энэ бүхнээс харахад сүүлийн жилүүдэд хэдийгээр унаач хүүхдийн гэмтэл авах эрсдэл багасч байгаа ч тэднийг дагасан эрсдэл хэвээр байгаа учир иргэд шүүмжилсээр байгаа. 

Морин уралдааны хувьд мөн өвлийн болоод хаврын улирлын уралдааныг эрс эсэргүүцэж байгаа аж. Өвлийн хүйтэнд ядаж л унаач хүүхдүүд гар хөлөө хөлдөөх зэрэг гэмтэлүүд их байдаг. 

Морин уралдаан нь Монголын эртний өв уламжлалыг хадгалсан соёлын нэг хэдий ч нийгэм орчноо даган үүнд шинэчлэл хэрэгтэй гэдгийг харуулсаар байгаа билээ.  Тиймээс энэхүү ёс уламжлал бүхий уралдааны ор тас алга болгож болохгүй гэдгийг хэн хүнгүй л мэдэх байх. 

Тиймээс унаач хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангаж байвал зохилтой болов уу. 

Энэ төрлийн уралдааны нэгэн жишээ дурдвал Арабын тэмээн уралдаан юм. Катарын тэмээний уралдаан нь товчхондоо манайх шиг тэмээгээрээ дагадаг. Уралдааны зам нь элсээр хучигдсан, хоёр талаар нь дагадаг машинууддаа зам хийгээд өгсөн. Манайх шиг амьд хүнээр хаалт хийгээгүй /цагдаа нараар/ төмрөн хаалттай. Хүүхэд унуулахыг хориглодог, том хүн юм уу роботоор унуулдаг. Робот нь ташуурддаг, хашгирдаг үүнийг машин дотроосоо уяач нь удирддаг. Манайх шиг цол гуншин алдар нэрийн төлөө уралддаггүй, түрүүлсэн тэмээний эзэн сая доллар хождог. Айлын хүүхдүүд айхтар. Хүүхэд хохирохгүй, хүн бүр үзэж болно, аюул эрсдэл бага, цагдаа нар энд бөөнөөрөө ажиллах шаардлагагүй, морь машин холилдож уралдахгүй гэх олон давуу талтайгаас гадна иргэдийг амь нас аюулгүй байдлыг сайтар ханган орчин үеийн нөхцөл байдалд тулгуурласан гэж хэлж болно. 

Энэ мэт олон арван туршлагаас суралцан өв уламжлалаа хадгалан үлдэх хэрэгтэй бөгөөд өөр өөр үзэл бодолтой иргэд маань хоёр талд талцан хуваагдан аливааг шүүмжлэлгүй  байгаагаа сайжруулаад явбал зохилтой болов уу гэсэн бодол төрж байна. 

С.Отгон