1996-2006 онд 17 хүүхэд,  2006-2008 онд 2 хүүхэд,  2012-2014 онд 6 хүүхэд  хурдан мориноосоо унаж амь насаа алдсан байх бөгөөд бусад оны мэдээлэл олдохгүй байна. Олдсон энэ мэдээллээс харахад доод тал нь 25 унаач хүүхэд амь насаа алдаад байгаа бөгөөд жил бүр дунджаар хоёр хүүхэд мориноос унасны улмаас амиа алддаг байна.  2012-2014 онд жилд дунджаар 300-320 унаач хүүхэд мориноос унаж бэртэн, түүнээс 180-220 хүүхэд нь хүнд хэлбэрийн бэртэл авч, эмнэлэгт хэвтжээ.  

Тиймээс Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2-р сарын 2-ны А/36 дугаар тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталж, уг жагсаалтын 3.9-т “Жил бүрийн 11-р сарын 01-нээс 05-р сарын нэгийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаан үсэргээнд хурдан морь унуулахыг хориглосон.

Энэ хугацаанд буюу өвөл, хаврын уралдаанд хүүхдээр морь унуулахыг “Насанд хүрээгүй хүний амь нас, эрүүл мэнд, ёс суртахуун, аюулгүй байдалд нийтлэг аюултай ажлын байр, ажил мэргэжил”-д тооцсон гэсэн үг. Харамсалтай нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  өнгөрсөн сарын 20-ны өдөр тушаал гаргаж хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн жагсаалтаас хаврын морин уралдааныг хасчихлаа. Ингэхээр хүүхдүүд өвөл уралдахгүй харин хавар уралдахаар болж байна.

Цагаан сарын дараанаас хаврын морин уралдаанууд зохион байгуулагддаг.  Өөдөсхөн үрс хаврын хавсарга, цастай, халтираатай хүйтэн өдөр морь унах нь байна.  Уг нь ийм байлгахгүй гэж Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж, НҮБ-ий Хүүхдийн эрхийн хорооны зөвлөмж, Олон улсын хөдөлмөрийн байгууллага зөвлөмж гаргаж хамгаалсан.  Гэтэл үүнийг  үл ойшоон салбарын сайд нь тушаал гаргалаа.  

Зарим уяачид өөрсдийнхөө хүүхдийг хурдан морь унуулалгүй айлын хүүхдэд хэдэн витамин, дэвтэр ном өгсөн болоод унуулж байгаа харагддаг. Тэд хүүхдээ унаж гэмтэх байх гэж айсандаа өрөөлийн хүүхдээр морь унуулж байгаа.

 Хүн бусдын зовлонг өөрөө туулах хүртлээ ойлгодоггүй гэдэг. Тиймээс унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж байгаа энэ тушаалаа сайд эргэн харах хүртлээ өөрийнхөө хүүхдээ морь унуулаарай.