Дэлгэцийн тав дахь уран бүтээлээ үзэгч олонд өргөн бариад байгаа “Хувьсал” продакшины авьяаслаг бүсгүйчүүд сонирхуулах зүйл ихтэй яваа нь мэдээж. Өмнөх уран бүтээлүүд шигээ үзэгчдийг дахин байлдан дагуулж, кино урлагийн ертөнцөд ээлжит нэгэн тэсрэлтийг хийгээд байгаа тэдний хувьд царайлаг, авьяаслаг залууст тун ч “нугасгүй” бололтой. Охид хүүхнүүдийн харцыг татаж, хайрыг булаасан халуухан залуусыг ёстой л нэг ангуучилж яваа гэнэ шүү, цаана чинь.

Урлагийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор бичигддэг МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хувьд хэр баргийн эрчүүдийг сонирхож, шохоорхох нь юу л бол... Энэ тал дээр яггүй нарийн мэдрэмжтэй, басхүү сонголт сайтай гэдгээ хэд хэдэн удаа батлаад авсан “Хувьсал”-ын гурван бүсгүй одоо ч бүр мундаг ангуучид болоо биз.  Тэдний ангуучилсан халуухан, залуухан, царайлаг, авьяаслаг эрчүүд тэр даруйдаа л олонд танигдаж, өнөөг хэр нь урлагийн ертөнцөд өнгө нэмэн гялалзаж яваа нь үнэн.

Тухайлбал, тус продакшины дэлгэцийн анхны уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Энхтүвшинг танихгүй хүн ховор байх. БНСУ-д жүжигчний мэргэжлээр суралцаад ирсэн тэрбээр амьдрахын эрхэнд буруу зам руу хальтирсан хөөрхийлөлтэй нэгэн бүсгүйг хайрлан халамжилж буй цагдаа залуугийн дүрээрээ үзэгч олноос өндөр үнэлгээ авсан удаатай. Тиймдээ ч уран бүтээлийн олз омог дүүрэн байж “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Зүрх зогсохгүй” зэрэг нэлээд хэдэн кинонд тоглоод амжсан адтай эр. 

Харин дэлгэцийн хоёр дахь бүтээл болох “Зүрхээр наадагч” кинондоо жүжигчин бүсгүйчүүд маань “Азийн топ модель” О.Мөнхдалайг сонгосноор урлагийн ертөнц дэх хүсэмжит залуусын тоо нэгээр нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй. Хэний ч сэтгэл татам царайлаг, орчин цагийн шилдэг бизнесмэн залуугийн тэр гайхалтай бие бялдар, дур булаам инээмсэглэлийг зөвхөн загварын тайзан дээрээс бус дэлгэцийн бүтээлээс ч харж болохыг баталж, мань эр жинхэнэ утгаараа охидын “зүрхээр наадаж” орхисон. Түүнээс ч болсон уу, яасан. Эхнэр нь бас загвар өмсөгч, бүр тэднийх гурван хүүхэдтэй гэдгийг мэдсэн хэрнээ үзэгч фэнүүдийнх нь тоо одоо хэр нь цөөрөөгүй гээд бод доо. Гавьяат У.Уранчимэгийн хатуу шаардлага, өндөр шалгуурыг бүрэн давж "Хувьсал"-ын нэгэн хэсэг болж чадсан О.Мөнхдалай ч хэн болохоо харуулсаар яваа. Тэрбээр орчин цагийн охид хүүхнүүдийн хүсэл мөрөөдөл болсон баян, царайлаг, сайхан сэтгэлт залуугийн дүрээ бүрмөсөн эвдэж, сэтгэл сэрдхийлгэм хүйтэн төрхтэй өөдгүй нэгний дүрд хэрхэн хувирч орсноо "Миний нууц"-аар харуулаад байгаа. 

Тэгвэл өнгөрсөн жил дэлгэцэнд гарсан “Атганд үлдсэн эрдэнэ” киногоороо “Хувьсал”-ынхан ахиад нэг Ромьеог тодруулсан нь УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр. Одоо цагт бараг л үгүйлэгдэх дөхөөд байгаа жинхэнэ “тос даасан” Монгол эр хүний нүнжигтэй зан, уужим ухаан, баргилдуу инээдийг ёстой л товхийтэл харуулсан даа, энэ нөхөр. “Орчин цагийн Ромьео” гэгдэж, олны анхааралд өртсөн театрын сайхан залуу маань төд удалгүй “Ромьео Жульетта” жүжгийн гол дүрд тоглосноор аргагүй л охидын шүтээн болсноо бататгаад авсан.

Энэ жилийн хувьд, ихээхэн шуугиан тариад байгаа “Миний нууц” киноноос нь үзвэл бас л часхийсэн сонголт хийжээ, тэд. Өмнө нь хэд хэдэн кинонд тоглосон ч төдийлөн олонд танигдаж амжаагүй залуу жүжигчин Б.Билгүүн адтай хүүхнүүдийн овоо хараанаас аанай л мултарсангүй. Бүр дөч гарсан насандаа дүүмэд залуусыг өөртөө дурлуулсан шигээ гунхаж яваа эрхэм гавьяатын маань нууцхан хайрыг тэр эзэмдээд авсан гэж байгаа. Дур хүсэлдээ шатах мэт очтой гэрэлтэх цоргисон харц, халуухан тэврэлтээс нь түүний хүүхдэрхүү ч гэмээр хөөрхөн төрх бараг юу ч харагдахгүй гэж мэд. Зүгээр л тэр чигээрээ ХАЛУУХАН эр, үсэрч очоод л тэврүүлмээр гайхалтай дүр зураг...

Ийм л сонирхолтой, бас ч гэж “амттайхан” сонголт хийдэг “Хувьсал”-ын гурван бүсгүй дараагийн удаад чухам хэнийг ОНИЛОХ бол доо. Өдгөө бүх кинотеатрт гарч байгаа “Миний нууц” киногоо үзэгч фэнүүддээ хүргээд удалгүй дараагийн уран бүтээлдээ орсон гэх тэдний сэтгэлийг чухамдаа ямархан “соронз” татахыг одоо харах л үлдлээ. Эрчүүдийн “ангуучид” ч энэ мэт олон л нууцаа задлах нь дээ, ер нь.