2017 оны 03 дугаар сарын 18,19-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 512 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 383 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8, мөргөлдсөн 16,онхолдсон 1, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 4, зорчигч хэлбэрээр 6 хүүхэд өртсөн байна.  

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 146 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан. Дээрх тоог өмнөх амралтын өдрүүдтэй харьцуулахад 1,8 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Тухайлбал:

  1. СХД-ийн нутаг Толгойтын замд Prius маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Subaru Impreza маркийн автомашинтай мөргөлдөж, зорчиж явсан 1-8 насны 5 хүүхэд гэмтсэн.
  2. ЧД-ийн нутаг Их дэлгүүрийн зүүн замд аминыVitz маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 10 настай Б-г мөргөж гэмтээсэн.

 

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг харахад явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал бүртгэгдэж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил /бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг/ зэрэг нийтлэг зөрчлийн улмаас үйлдэгдэж байна.

Хүүхдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг нь автомашин доторх аюулгүй байдлыг хангаж хүүхдийн зориулалтын хамгаалах бүс тохируулагч, хамгаалалтын суудал хэрэглэж хэвших, зөв тээвэрлэхээс ихээхэн хамааралтай юм. Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд “3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглосон” байдаг. Гэтэл манай эцэг эхчүүд хүүхдээ урд суудалд, өвөр дээрээ, хамгаалах хэрэгсэлгүй тээвэрлэх нь байдаг зүйл,  хүлээн зөвшөөрдөг мэт ойлгодог. 2016 онд 39 хүүхэд буюу нийт зам тээврийн ослын улмаас нас барсан хүүхдийн 78% нь буруу тээвэрлэлтээс шалтгаалан амь нас нь хохирсон нь Ерөнхий боловсролын сургуулийн 1 бүлэг үгүй болсон хэмжээний дүн мэдээ харагдаж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал,  суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

Та хүүхдээ хайрладаг л бол арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулгаарай.