Энэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд нэгэн буддын сүмийн “Майдар эргэх ёслол” гэх шашны зан үйл болсон байна. Үүнийг тохиолдуулан нутгийн иргэд хурдан морины уралдаан зохион байгуулжээ.

Харин энэ үеэр 11 настай П гэх хүүхэд мориноосоо унаж хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн ч өчигдөр нас барсан мэдээллийг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын дарга О.Алтансүх баталлаа.  Гэвч Засаг даргын ямар ч зөвшөөрөлгүйгээр иргэд, шашны байгууллагатай нийлэн нууцаар ийм уралдаан зохион байгуулсан нь ийнхүү ил боллоо.Энэхүү уралдаан нь нууцаар болсон тул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар ямар нэгэн байдлаар уралдаан болохоос өмнөх хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын асуудалд хяналт тавих боломжгүй байсан аж. О.Алтансүх даргын мэдээлж буйгаар Ховд аймгийн Засаг дарга энэхүү хууль бус уралдаан зохион байгуулсан байгууллага, хүмүүстэй хариуцлага тооцох аж.  Амь насаа алдсан 11 настай хүүхэд гэхэд ямар ч даатгалгүй байжээ. Гуравдугаар сарын 14-нд авсан мэдээллээр энэ хавар зохион байгуулагдсан уралдаануудын үеэр 54 хүүхэд морьноосоо унаж гэмтэл аваад  байсан юм.