Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 12 тугал тодорхой шалтгаангүйгээр хорогдсон талаарх мэдээлллийн мөрөөр Цөмийн энергийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-29-ний өдрүүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар цацрагийн тунгийн чадлын хэмжилт, усанд радоны хуримтлалын хэмжилтийг хийж тухайн орчмын хөрс, уснаас дээж авч Цөмийн энергийн газрын Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори, Геологийн төв лаборатори болон Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторид шинжилгээнд хамруулсан байна.

Цацрагийн хэмжилт, цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч энэ сарын 14-ний өдрийн 03/14/03 тоот дүгнэлт гаргаж Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны иргэний зөвлөлд тус тус хүргүүлжээ.

Шинжилгээгээр цацрагийн зөвшөөрөгдөх хэмжээ хэвийн хэмжээнд байна гэсэн дүгнэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл 12 тугал цацрагийн бохирдлоос болж үхээгүй нь шинжилгээний хариугаар нотлогджээ.

Гэхдээ  дээрх химийн шинжилгээний дүнг баталгаажуулах үүднээс Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.


 

Г.Долгорсүрэн