“Ард түмний онц түр зөвлөл” ТББ-ын ерөнхий зохицуулагч С.Батчулуунтай ярилцлаа

Эсэргүүцлийн үйл ажиллагааны зорилгоор талаар ярилцлагаа эхлүүлье?

- Төрийн өнөөдрийн авилгын, намынхаа үзэл бодлыг умартан хоорондоо ашиг сонирхлоороо үгсэн хуйвалдсан энэ   тогтолцоог таслан зогоох зорилготой.

Та эсэргүүцлээ хэн нэгний захиалгаар ард түмний анхаарлыг өөр тийшээ хандуулах гэж хийж байгаа юм биш үү?

- Би МоАХ-ны гишүүн.  Үүнийгээ нуугаад ч нэмэргүй. АН-ын  анхдагч гишүүдийн нэг.  Үүнийгээ ч нуугаад нэмэргүй. Хэрвээ энэ нь хүмүүст таалагдахгүй байгаа бол би цаг хугацааны машинд суугаад  1990 онд элссэн намаасаа гарах бололцоо байхгүй.  Хүмүүсийн анхаарлын нэг зүйлд хандуулах санаа зорилго агуулж байна гэж асууж байна тийм үү?

Тийм

- Би тийм гэж хариулъя. Зөвхөн оффшор руу. Оффшороор энэ төрийн тарыг танихын тулд  нэг  удаагийн сорилго авъя.  Оффшорын сорилгыг төр хүлээж аваад  оффшорчдыг шалгаж чадвал цаанаас нь бүх бузар булай зүйл илчлэгдэж гарч ирнэ гэсэн ийм л зорилготой.  

АН-ын дотоод сонгууль болж байгаа шүү дээ. Та оффшоргүй нэр дэвшигчийн захиалгаар  оффшортой нэгнийг  унагах гэж захиалгаар ийм эсэргүүцлийн үйл ажиллагаа хийж байна гэсэн хардлага төрж байна?

- Оффшорчид Ерөнхийлөгчийн сонгуульд бодлоготой байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүн АТОЗ-ыг сонирхож болно. Болохгүй гэх газаргүй. Бид нэг гэрээ ярьж байгаа.  Ерөнхийлөгч болоод оффшор данстай улс төрчдийг  шалгах зарлиг гаргана гэдгээ ард түмний өмнө амлах үүрэг бүхий гэрээ. Энэ гэрээг ард түмний өмнө хамтарч хийнэ. Энэ амлалтандаа хүрэхгүй бол өөрийн сайн дураар огцорно гэсэн заалт оруулна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй ингэж л хамтарч ажиллана. Гэхдээ хамтрах бодол, төлөвлөгөө нэг их алга. Хэрвээ хамтарч ажиллах юм бол энэ зорилгоо л хэрэгжүүлнэ. Далд гэрээ хийхгүй, олон нийтэд нээлттэй ил тод хийнэ. Энэ үед намайг хэний захиалгаар хийсэн, миний ард талд хэн байх уу гэдэг нь тодорхой болно.  

Ер нь ийм хардлага байгаа. Ийм хардлагыг өөрийнхөө хийж байгаа үйлдлээр  баллуурдана.

Та өөрийнхөө цахим хуудсанд  намайг 26 жил  зүтгэсэн ажлаас халах гэж  шахалт үзүүлсэн гэсэн агуулга бүхий пост оруулсан. Хэн гэж хүн юу гэж шахалт үзүүлсэн талаар?

-  Тун мундаг асуулт байна. Би энэ асуултад хариулт өгөхгүй байх эрхтэй гэж бодож байна. Яагаад гэвэл тэр хүн миний нэрийг битгий хэлээрэй гэж хэлээгүй.  Тэр хүнийг ч анхнаасаа хэлье гэж бодоогүй. Олон жил улс төрд явсан юм мэддэг хүний хувьд би тэр хүнийг  шууд л тавьчих гэнэ хүн биш. Фэйсбүүкт пост тавьсны дараа надтай эргэж уулзсан л даа. Тэгээд би өөрт нь “Би өөрийн чинь нэрийг хэлэхгүй байгаа биз дээ”  гэж хэлж байсан юм. Хэлсэн бол өөр рүү чинь хүмүүс дайрах байсан. Хэн ч бай хүнийг би хүн л гэж үздэг учраас, зөв үйлсийн төлөө зүтгэж байхад хүний нэр хэлэх бол их хямдхан хүний хийдэг ажил. Тийм учраас би одоо ч таньд хэлэхгүй.

-2017.03.15 болон 2017.03.18-ны өдөр цуглаан зохион байгуулах байсан ч хойшлуулсан.  Танд хэн нэгэн заавар зөвлөгөө өгөөд, тэр хүний үгээр яваад байгаа мэт харагдаж байна?

- Тийм шүү энэ ямар ч хүнд тэгж бодогдоно шүү.  2017.03.15-нд нийгэм жагсаал хийх болов уу гэж харсан.  Хийгээгүй. 2017.03.18-нд жагсаал хийнэ гэсэн яриа гарсан.  Тэр чинь манай удирдах зөвлөлөөс гарсан  санаа байсан.  Жил болгон хийдэг хүндэтгэлийн өдрийг атаажжуулах, хажуугаас нь туг лоозонтой орох, оффшор ярих нь соёлтой зүйл биш. Бид түүнээс татгалзсан. Бид төрд боломж олгоод яваад байгаа юм. Маргаашийн цуглаанаа ч хойшлуулж магадгүй. Хэзээ нэгэн цагт  хийхэд биднийг төр тогтворгүй байлгадаг, ойворгон нөхдүүд гэж хэлэх нөхцөлгүй. Маргаашийн цуглаан болох байхаа.  

Жагсаал цуглаангүйгээр бидний хүсэлтийг авчихбал хэн хэндээ амар. Тийм бодлогоор явж байгаа.  Би хэллээ. Намайг хэлээгүй болохоор  тэгж л харагдана.  Хүнд тэгж харагдана гэж бодоод  юмнаас айгаад яваад байвал юу ч хийж чаддаггүй.  Олон санаат оргож чаддаггүй гэдэг шиг.  

Жагсаал цуглаан хийх амархан бас хэцүү. Жагсаал цуглааны үеэр үймээн гаргахгүй байх хэцүү.  Жагсаал цуглааныг үймээн болгох амархан. Монгол төр ичвэл ичихээр, юм бодвол бодохоор юм гадаад ертөнцөд их болж байгаа. Оффшорчдоо шалгаад дууслаа,  Монгол байдаггүй.  Урд, хойд хөрш кино үзүүлж байгаа юм шиг  нүдэн дээр үзүүлж байна, Монгол байдаггүй.

Би түрүүн хэлсэн.  Үйлс нь хардлагыг тайлдаг. Үйлсээ буруу хийх юм бол хардалт нэмэгдэж, хэрвээ би захиалгын  хүүхэлдэй байсан бол баригдана ш дээ.  Эцсийн эцэст тэмцлийн үр дүн гарах юм бол би өөрийнхөө үйлсийг зөв гэдэгт итгэж байгаа.

АТОЗ-д 30 орчим иргэний хөдөлгөөн хамтарсан гэсэн. Иргэний хөдөлгөөнүүдээс нэрлэнэ үү?  Аль нь илүү идэвхтэй, ойр ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж байна вэ?

- Иргэний хөдөлгөөнүүдийг өнгөрсөн хугацаанд ажигласан. Би бол 1990 оны анхны тэмцэгч. Энэ улсуудыг  дэмжиж,  цуглаан дээр нь очиж  ажигладаг байсан.  27 жилийн өмнөх нэг өөр, 27 жилийн дараах өнөөдөр нэг өөр. Одооны залуус  эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэж байна. Тийм учраас хардаг. Өнөөдөр бид хэвлэлийн хурал хийнэ.  Тэндээс тодорхой болно.  

Маш  идэвхтэй хөдөлгөөнүүд байна. Би ялгаж хэлмээргүй байна. Ялгаж хэлэх нь  АТОЗ-ыг эмхлэн байгуулахад сайн зүйл биш.  Идэвхгүй байгаа хөдөлгөөнд нь илүү чанартай юм байгаа ч юм билүү. Гомдоочихдог байхгүй юу.

-  Таны ингэж зүтгэж байгаа чинь  АН-ын карьер уу? Хувь хүний карьер уу?

- Хувь хүний хувьд амбиц байна. Би их том амбицтай.  Монгол улсын Ерөнхийлөгч багадана.  НҮБ-ын дарга болох сонирхол байна. Тэр ч бас багадаж магадгүй. Тоглосон шүү ах нь.  60 хүрсэн хүнд юу байхав дээ. Би бол энэ тогтолцоог л үнэхээр таслах ёстой.  Үндсэн хуулиндаа маш том өөрчлөлт хийх ёстой.  Өөрчлөлт нь мөрдөгдөөд энэ олигарх тогтолцоо нь унасны дараа үе маань бололцооны чөлөөт  нийгэм үлдээх ийм л том амбиц байна. Яагаад гэвэл бидний өмнөх үе бидэнд ийм л бололцооны үе үлдээсэн. Тэдэнтэйгээ л адилхан. Тэрэнд нь би амьдарч байгаа юм чинь миний дараагийн үе бас бүтэн Монголтой байг, бүлээн амьдрал нь бас бүтэн байг, бүх юм нь бүтэн байг. Дараа үедээ бүтэн өгчихөөд л дээдсийнхээ хойноос явах ёстой л доо.  

-  Та АН-аасаа гарах уу?

- Би Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзахгүй.  

Яагаад?

- Ардчилсан нам гэм буруугүй.  Харин  ардчиллыг энэ гажиг, мутац болгосонд АН-ын буруу байхгүй. Аливаа намд дандаа бурханууд нь цуглаж, өөр намд буг чөтгөрүүд нь цугладаг гэсэн юм байхгүй. Нам бүрт эрүүл хүмүүс байдаг, эргүү солиотой хүмүүс ч байдаг. Тийм учраас АН шинэчлэгдэх ёстой.  АН-ын шинэчлэлд  би маш идэвхтэй  оролцдог. Өнгөрсөн намар 3-4 лайв хийсэн.

Би яагаад намд ийм хатуу чиг шугамтай байдаг вэ гэхээр эх орон,тусгаар тогтнол гэж цээжээ дэлдэх дургүй. Би “Болор цом”-д шүлэг уншиж байгаа яруу найрагч биш.  АН гэдэг институт тусгаар тогтноё гэсэн миний энэ чичирсэн  хүсэлд бодлогоор орж байх ёстой. Эх орноо энэ хэвээр нь үр хүүхдүүдээ үлдээх ёстой гэсэн бодлого намын бодлогод шингэх ёстой.  

-   Нийгэм, эдийн засгийн асуудал хүнд, хямралтай байгаа энэ үед иргэдийг турхирах шаардлага байгаа юм уу?

- Тун дажгүй асуулт байна шүү.  Нийгэм, эдийн засгийн асуудал хүнд.  Хүнд байгаа учраас түрүүчийн асуулт руу орчихье.  Яагаад ингээд хойшлуулаад байдаг юм бэ? Гэдэг асуулт руу.  Яагаад гэвэл оффшорчдыг  шалгах ажлын хэсэг УИХ байгуулчих юм бол нийгэм  эдийн засаг хүнд хямралтай байгаа энэ үед заавал жагсаал цуглаан хийх шаардлагагүй.  Бид талбай, Зайсан, Нарантуул зах, техникийн зах, Цонжин болдог, АСЕМ вилла дээр лайв хийлээ.  Эцсийн эцэст лайв хийгээд байхаар АТОЗ биш ард түмэн тоолж эхэлдэг байхгүй юу.  Тэгээд ард түмэн тоолж байгааг төр засаг мэдрэмжтэй бол  талбай дээр цуглуулахгүйгээр  ажил хэрэг болгох учиртай.  

Оффшортой хүнээс болж  оффшоргүй УИХ гишүүн, УИХ тарахад  хэн дуртай байх юм бэ. Оффшоргүй хүмүүс нь нийлээд оффшортой хүмүүсээ  авч ирээд шалгах хэрэгтэй. Тийм учраас энэ бол эцсийн үр дүн гарна.  УИх-ын 76 гишүүний ядаж 50 нь оффшоргүй юм байгаа биз дээ.  25 нь оффшортой байлаа гэхэд, хүний хийсэн гэмт хэргийг хүлээнэ гэж байхгүй ш дээ.  Тийм учраас УИХ үүнийг шийдэж таарна.  УИХ-ын гишүүдийн олонх нь оффшоргүй байх гэж бодож байна. УИХ арга хэмжээ авах ёстой. Эндээс л зөв шударга цэвэршилт эхэлнэ.  

- Жагсаал цуглааны дараа хэдэн хүн л хариуцлага хүлээгээд, зохион байгуулагчид нь ард үлддэг шүү дээ?

- Би харж байсан. Ямар нэг юм болоход манай УЗ-ийн гишүүд хариуцлага хүлээгээд, би мундаг хүн ард нь үлдээд л гэж асууж байна уу?

Тийм.

- Ийм юм болохгүй байх.  Аажмаар цаг үе нь бий болоод гарч ирж байгаа асуудал.  Би жагсаал цуглааны өвчтэй байсан  бол 27 жилд өчнөөн л өвчигнөх байсан. 1990 оны анхны тэмцлээ зогсоогоод, тэмцлийнхээ үр дүнл нэг хэсэг ингээд л ажиглаад  явж байдаг.  Нийгэм маань  дүр эсгэсэн ардчилал болоод  гаж, мутацад ороод , гажиг тогтолцоо бий болоод  энэ нь Монгол улсын аюулгүй байдал, ирээдүйн  тусгаар тогтнолд  ноцтой үр дүн гарахааргүй байсан бол би ийм хөдөлгөөн байгуулахгүй ш дээ.  Тийм учраас би  зайлшгүй хийх зүйлийг л хийж байна.  

Намайг одоо эх оронч гэж нэрлэдэг. Би дуртай байдаг. Зөв зүйлийг зөв ярьж, зөв таниулж, зөв ойлгож,  зөв үйлдэж, зөв үйлс хийж,  зөв үр дүн үлдээх хэрэгтэй.  Эрүүл тэмцэл ийм л байдаг. Популизм, хүмүүсийг хошгируулж байгаад карьер хөөх, алдар нэрийн төлөө явах өөр зүйл.  Би бол 1990 оны хувьсгалын  анхдагчдын нэг болохоор  зөв үр дүн гарах юм бол боллоо.  

Ард түмний онц түр зөвлөл гэж  нэрлэсэн. Төр биш түр гэж үг. Үйлс маань бүтчих юм бол  энэ мундаг нэрний ард амьдрах сонирхол алга  Их хурлаа хийгээд тарчихаж болно.  Бид үр дүнгээ үзчихлээ, өөрсдийнхөө бичиг баримтыг архивт үлдээгээд тарцгаая гэж болно.  Тийм учраас би түр гэж үгийг сонгосон. Ард түмний онц үүрдийн  зөвлөл байгуулаагүй.  

- Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. 

А.Баярмаа