Энэ сарын 3-наас 13-ны өдрүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо “Face of beauty international 2013” олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ жил эх орноо төлөөлөн Ийгл телевизийн хөтлөгч, редактор Г.Билгүүн оролцсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 70 гаруй орны үзэсгэлэнт охидтой өрсөлдсөн байна. Ижил төрлийн уралдаануудаас цар хүрээ, чансаагаараа дээгүүрт бичигддэг тус тэмцээн ялагчдаа 30 мянган ам.долларын бэлэн мөнгө, бүтэн нэг жилийн хугацаанд Шинэ Зеланд улсад амьдарч, томоохон брендүүдийн нүүр царай болон ажиллах шагналыг олгодог аж. Олон нийтийн анхаарлыг хэсэг хугацаанд татсан шалгаруулалтын төгсгөлд тэргүүн байрын эзнээр Тонга, хоёрдугаар байранд Бангладеш, гуравдугаарт БНХАУ, удаах байруудад Тайланд, Намибийн гоо бүсгүйчүүд орсон бол Монгол улсын мисс Г.Билгүүн финалын шилдэг 15, “Спортлог мисс”, “Шилдэг үндэсний хувцастай мисс”, “Нөхөрсөг мисс” номинацуудын тэргүүн байр, түүнчлэн “Авъяаслаг мисс” номинацид аягатай бүсгүй бүжгээрээ гуравдугаар байранд тус тус орж өндөр амжилт үзүүлжээ.

Мөн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр зөвхөн Монгол улсын мисст дэлхийд чансаагаараа дөрөвдүгээр бичигддэг “Miss Supranational 2014” тэмцээнд оролцож, 100 гаруй орны бүсгүйчүүддээ өрсөлдөх урилгыг гардуулсан байна. Ийнхүү мэргэжил нэгт сайхан бүсгүйчүүдийнхээ нэр хүнд, гоо үзэсгэлэнг дэлхийн тайзнаа цуурайтуулсан Ийгл телевизийн хөтлөгч Г.Билгүүнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе!