Байшингийн долоон давхраас үсэрч амиа хорлохыг завдсан зарцаа болиулж, туслахгүйгээр харин ч болж буй процессоор бичлэг хийсэн эмэгтэйг Кувэйтын цагдаа нар баривчилжээ. 
 
Зарц бүсгүй нь Этиоп гаралтай байсан бөгөөд барилга дээрээс үсэрсэн ч, металл хийцтэй саравчинд унаснаар амьд мэнд үлдэж чаджээ. Харин өнөөх эзэн эмэгтэй нь өөрийн хийсэн бичлэгээ сошиал медиад байршуулж, олны эсэргүүцэлтэй тулгарсан байна. 
Бичлэг 12 секунд үргэлжлэх бөгөөд зарц бүсгүй цонх онгойлгож, гадагш гарч зогссоныхоо дараа “Намайг бариач, намайг бариач” хэмээн хашгираад унаж буй байдал дүрслэгдсэн байна. Харин эзэн эмэгтэй бичлэгээ үргэлжлүүлэн хийсээр байжээ. 
 
Одоогоор зарцад эмнэлгийн тусламж үзүүлж, амийг нь аварсан байна. Тухайн үед бүсгүйн хамар, чихнээс нь цус гарч, гар нь хугарсан байжээ. Ямар шалтгааны улмаас амиа хорлох оролдлого хийсэн нь тодорхойгүй байна.