Шатахуун импортлогч компаниуд өнгөрсөн оны хоёрдугаар сард үнээ нэг өдрийн дотор 260 төгрөгөөр нэмэгдүүлж байсан. Үүний дараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийсний үр дүнд импортлогчид үгсэн хуйвалдсаныг тогтоож, 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан билээ.

Гэсэн хэдий ч импортлогчид шүүхэд хандсанаар 17 тэрбумын асуудал сунжирсан. Тус газрын экс дарга О.Мандах уг торгуулийн шийдвэрийг хүчингүй болгосон нь нэлээд шүүмжлэл дагуулсан. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шинэ дарга О.Магнай томилогдсоныхоо дараа 17 тэрбум төгрөгийн торгуулийг сэргээж, төрийн санд төвлөрүүлэх ёстой гэж мэдэгдсэн. Улмаар нийслэлийн шүүхийн шийдвэр гарч, импортлогч компаниуд торгуулиа төлөх ёстой гэж шийдсэн. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл 17 тэрбум төгрөг төрийн дансанд орж ирээгүй байна. Шүүхийн шийдвэр гарсан учраас импортлогчдын дансыг хаасан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс ямар нэгэн мэдээлэл хийхээс татгалзаж байна. Шүүхийн үйл явц үргэлжилж байгаа учраас шийдвэрт нөлөөлөхийг оролдсон зэрэг асуудал гарах магадлалтай гэж үзэж буй аж.

Тус газрын хэвлэлийн төлөөлөгч н.Түвшинболор “Эцсийн байдлаар шийдвэр гараад, импортлогчид торгуулиа төлөх ч юм уу, эсвэл манай газраас явуулсан бодлогын үр дүн гарвал бид албан ёсоор мэдээлэл өгөх болно. Импортлогчдын дансыг яг хаасан эсэхийг мэдэхгүй байна. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулах хэрэгтэй” гэв. Ерөнхийдөө шүүхийн шийдвэр гарсан бол тухайн торгуулийг төлүүлэхийн тулд тухайн компанийн дансыг хаах ёстой байдаг аж. Гэвч импортлогчид давж заалдаад байгаа учраас энэ нь хүлээгдэж байгаа бололтой. Нефть импортлогч компаниудын дансыг хаасан эсэх талаар “Петровис” компанийн албан ёсны эх сурвалжаас тодруулахад “Гадуур тийм мэдээлэл яваад байна. Тийм зүйл байхгүй. Компанийн данс одоо ч гэсэн хэвийн ажиллаж байгаа” гэлээ.

Түүнчлэн 17 тэрбум төгрөгийн торгуультай холбоотойгоор ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Харин бусад компаниудын хувьд энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Ямар нэгэн байдлаар байр суурь илэрхийлэн, мэдэгдэл хийвэл нийгэм сөргөөр хүлээн авч байгаа учраас импортлогчид ийнхүү болгоомжтой хандах болжээ.

Ямартай ч нефть импортлогч компаниудын дансыг одоогоор хаагаагүй байгаа бололтой. Дашрамд дурьдахад нефть импортлогч зарим компанид 17 тэрбум төгрөгөөс гадна таван тэрбум төгрөгийн торгуулийг ШӨХТГ-аас ногдуулаад байгаа. Тодруулбал, шинэ оны өмнөхөн нэр бүхий компаниуд хуулийн дагуу ШӨХТГ-т мэдэгдэлгүйгээр бензин, шатахууны үнийг нэмэгдүүлсэн. Үүнийг ШӨХТГ-аас шалгаж үзээд, таван тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан билээ. Гэхдээ энэ торгууль ч бас төлөгдөөгүй байгаа юм.

Л.Энхдэлгэр