Дуунд  дуртай  дуучин  Монгол түмний даган дуулдаг олон сайхан хит дуунуудыг бүтээсэн “Анир” дуу бичлэгийн студийн арван жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.  Ойн хүрээнд олон гайхалтай ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд онцолж мэдээлэх нэгэн зүйл нь монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийн зөвхөн “ХИТ” дуунууд эгшиглэх “...Өчигдөр Өнөөдөр Маргааш...” супер шоу тоглолт өчигдөр боллоо.

Тоглолтонд 60 гаруй уран бүтээлчид оролцсон энэ тоглолтод  “Сэтгэлийн булаг” “Онцгой төрсөн бүсгүй” “Би Монгол эр хүн” “Миний ардын сэтгэл цагаан” “Аавыгаа санахаар...” “Санах тусмаа дуулаарай” “Босоо хийморьтой эр хүн” “Бүүвэйл хорвоо” “Богд хан уул” “Ижий ээлтэй орчлон” “Монголжингоо” “Санах тусам” зэрэг хуучны болон энэ цаг үед хит болж буй дан “Анир” студээс төрөн гарсан хит дуунууд дуулагдсан.  Бүх дуу   100% амьдаар дуулагдсан  бөгөөд тайз, дэлгэц, гэрэл, хөгжмийн найруулга дугаралт нь мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдсан юм.  

Тоглолтын үеэр  "Анир" студийн захирал, продюссер МУСТА Б.Алтанхуягтай цөөн хором хөөрөлдлөө.  

- Тоглолт үнэхээр дулаан уур амьсгалтай сайхан болж байна.  Ийм сайхан цаг мөчид та сэтгэгдлээ хуваалцвал

- Тоглолтын эхлэл сайхан боллоо.  Манай уран бүтээлчид нэгнээ хүндэлсэн, сайхан харьцаатай, эв нэгдэлтэй оролцож байгаа нь миний хувьд баярлаж, бахархаж байна. “Анир” студийн 10 жилийн ойн баяр бол  нэгдлийн баяр, уран бүтээлчид нэгнээ ойлгож байгаагийн баяр. Урьд нь ойлголцоогүй гэсэн үг биш л дээ. Эв нэгдэлтэй байсан, одоо улам хүчирхэгжиж байна гэсэн үг. Тийм учраас тоглолтондоо ач холбогдол өгсөн.  Тоглолтод дандаа хит дуунууд амьдаар тоглогдож байна.  үзэгчид халуун дулаан хүлээн авч, мэргэжлийн  уран бүтээлчид ч мөн гайхалтай  тоглож байна.

- “Анир” студийн өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтыг дурьдаад байвал байгагүй цаг орно.  Амжилтаа багцалбал?

 - “Анир” студи Монголын дууны урлагт хүчтэй, нөлөөтэй, нэг хэсэг түүх бүтээж байснаа уран бүтээлч хүний хувьд олж харж байна.  Үүндээ өөрөөрөө бахархах, омгорох сэтгэл төрлөө.

- Өнөөдөр “Анир” студийн 10 жилийн баяраас гадна уран бүтээлчдийн баяр. Тиймдээ ч оролцож байгаа уран бүтээлчид баяртай байгаа нь ажиглагдаж байна?

- Уран бүтээлчид бүгд баяртай байна.  Энэ тоглолтод оролцож байгаа хөгжимчин, дуучид сэтгэл хангалуун, баяртайгаар оролцож байна. Зарим нь “Энэ дууг тоглож үзэх юмсан гэж боддог байсан. Яагаад дандаа фанаграмтай явдаг байсан юм бол” гэж хэлж байна.  Тэгвэл бид өнөөдөр гайхалтай бүтээлүүдийг  амьдаар тоглож байна.  

- “Анир” студи 10 жил оршин тогтнож байна гэдэг нь бусдаас ялгарах давуу тал, онцлог ихтэй гэж бодож байна? Хүн өөрийгөө магтдаггүй шүү дээ.  Та энэ удаад өөрийгөө нэг магтвал?

- Өөрийгөө магтах гэдэг  сураагүй ажлын нэг дээ. Бид нарын хийсэн уран бүтээл  энэ цаг үед их хүчтэй дэлгэрч, ард түмэнд хүрч байсан гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь бид мэргэжлийн студи.  Дууг мэргэжлийн хэмжээнд бүтээхэд  “Анир” студийн оролцоо их.  

Бусад студийнхандаа баяр хүргэмээр байна. Яагаад гэвэл бид нийлж түүх бүтээж байгаа улс.  Тиймээс та бүхэнд ч гэсэн баярын мэнд  хүргэе.

- “Анир”  студийн 10 жилийн ойн тоглолт их өргөн дэлгэр болж байна. Дараа дараагийн тоглолтын хувьд?

-  Өнөөдрийн тоглолт бол “...Өчигдөр, өнөөдөр, маргааш” гэсэн  шоу тоглолт.  Харин 24-нд “Уран бүтээлчид хамтдаа 10 жил” гала хүндэтгэлийн тоглолт болно. Тоглолтод 150 гаруй уран бүтээлч оролцож байгаа. Мэдээж амьдаар тоглохын зэрэгцээ мэргэжлийн өндөр түвшинд хийх болохоор төгс дуугаралт мэргэжлийн гэдгийг үзэгчдэд бат мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй  байна.  Та бүхнийг урьж байна.

Тоглолтын хамтран ажиллагчаар “Төрийн банк” “Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо” “Монголын хөгжмийн зохиолчдын холбоо” “Юнипресс” хэвлэлийн үйлдвэр “Эзэн сүлд” хэвлэлийн компани “D-Lights” тайзны гэрэлтүүлэг, “TOTAL MUSIC”, “МИЛЛ” кино компани, “B Sound” , “Шижир алт” компани, “МОТТОО”, “ЭДКС” зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж.

Тоглолтод оролцож байгаа уран бүтээлчдийн сэтгэгдлийг, сүүлийн үеийн уран бүтээлийн хамт сонирхлоо.  

СТА, дуучин П.Идэржавхлан: “Анир” студийн хамт олондоо энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе. “Анир” студийн өнөөдрийн /өчигдөрийн/ тоглолт алга ташилт, даган дуулалт, уухайн дуутай  үнэхээр халуун дотно сайхан болж байна.  Миний хувьд  “Анир” студитэй хамтран  СУИС-ийн нэгдүгээр курст байхаасаа эхлээд Хуягаа ахтайгаа холбогдож ажиллаад  долоон жил болсон байна.  “Анир” студийн захирал Б.Алтанхуяг ах маань өнгөрсөн хугацаанд төрсөн ах шиг минь зааж, зөвлөж явдаг байсан. Хэдийгээр өнөөдөр “Анир” студийн 10 жилийн ой гэж байгаа боловч уран бүтээлч, үзэгч, сонсогчдын баяр юм.  Өөрөөр хэлбэл  “Анир” студийн бүтээл бүр нь үзэгч, соносгчдод хүрч, тэр сайхан дуугаар гэгээрч, амьсгалж, сургааль авч, ерөөл авч байгаа учраас  бүх нийтийн баяр юм.  Тоглолтод ирсэн болон эх орныхоо өнцөг булан бүрт суугаа “Анир” студийн бүтээлийг сонсдог, аялгууг сонсож, ухаарал зэмлэл хүртдэг үзэгчиддээ давхар баяр хүргэе.  Та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.  

СТА, дуучин Д.Хишигбаяр

Юуны өмнө Dorgio.mn  сайтыг уншиж байгаа уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Мөн “Анир” студийн хамт олондоо баяр мэнд дэвшүүлмээр байна. “Анир” студийн 10 жилийн ой гэдэг бол яруу найрагч, хөгжимчин, дуучинтай салшгүй холбоотой.  Яг 10 жилийн хугацаанд хийсэн уран бүтээлээсээ шигшиж  ард түмэндээ тайлагнаж байгаа энэ тоглолтод оролцож байгаадаа  Р.Дэлгэрмаа бид хоёрын хувьд баяртай байна.  Бид хоёрын уран бүтээл “Анир” студитэй салшгүй холбоотой. Ерөөсөө “Анир” студитэй, Б.Алатнхуягийн  оролцоогүй дуу гэж бид хоёрт байхгүй. Бид хоёрын анхлан хийсэн бүтээл  “Анир” студийн хамт олонтой хамт мэндэлсэн. “Анир” студи, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа гурав уран бүтээлийн хувьд нас жацуу. Яг хамтдаа 10 жилийн ард гарч байна. Маш их баяртай байна.  10 жил маш хурдан өнгөрдөг юм байна.  “Анир” студийн Б.Алтанхуяг нийтийн дууны урлагийг тодорхой түвшинд гаргахад ихийг хийсэн авъяаслаг хүн.  

Бид хоёр шинэ цомгийн ажилдаа орсон.  Цомог ирэх жилд гарна. Цомгийн ажил жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн. Дандаа шинэ уран бүтээл орж байгаа.  МУАЖ, төрийн хошой шагналт  Н.Жанцанноровын үг, ая  “Морин хуур” наадмын тэргүүн байрны шагнал эзэлж байсан “Амраг минь дээ” гэж сайхан дуу байдаг. Энэ дууг гурван жилийн өмнө бид хоёрыг дуулаачээ гэж сайхан бүтээлээ өгсөн.  Энэхүү бүтээлийг өөрсдийнхөө хэв маягт тааруулж хийх гэсээр байгаад өнөөдрийг хүрчихлээ.  Энэ уран бүтээлээ дүрсжүүлээд  шинэ жилийн дараанаас цацах төлөвлөгөөтэй байна.  Ирэх намраас тоглолт хийх төлөвлөгөөтэй байна.

МУГЖ, дуучин С. Ганзориг: “Анир” студийн хамт олонтой 2003 оноос эхэлж хамтарч ажилласан. 10 жилийн ойд нь оролцож  өөрийнхөө уран бүтээлийг хүргэж байгаадаа баяртай байна. “Анир” студийн 10 жилийн ой гэдэг бол Монголын энэ цаг үед дуулж байгаа бүх дуучдын  баяр гэж ойлгож байгаа. Сонсогчдын баяр гэж хэлж болно. Яагаад гэхээр “Анир” студиэс гарсан бүр бүтээл Монголын ард түмэнд зориулагдсан, зүрхэнд нь, чихэнд нь, сэтгэлд нь хүрсэн бүтээлүүд.  Миний хувьд 10-р сарын 18-ны гурав дахь бие даасан тоглолтоо хийсэн.  Тоглолт маань сайхан болсон.  Өшөө илүү сайхан уран бүтээл хийх үүрэг хариуцлагаа ухамсарлаад ардын дууны цомог гаргах гээд ажилдаа орчихсон явж байна.

 

“Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ойн хүндэтгэлийн “ХАМТДАА 10-Н ЖИЛ ” нэртэй 100% амьд хөгжмийн найруулга, дуугаралттай гала концерт 11-р сарын 24-ны өдөр “Улаанбаатар палас”–н концертын их танхимд “19 цагаас ганцхан удаа тоглогдох ажээ. Тэрээр тоглолтын зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи ажиллаж байгаа бол найруулгыг “МИЛЛ” продакшн, Зөвлөх найруулагчаар Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, Хамтран зохион байгуулагчаар “Нийтийн дуучдын нэгдсэн холбоо”, “Хөгжмийн зохиолчдын холбоо”, “Төрийн банк” нар ажиллаж байгаа юм байна.

























































































































































































































 

 

 

А.Баярмаа