Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрсөн өдөр нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тохиосон. Гэхдээ иргэний үнэмлэх дээр нь төрсөн өдөр нь 3-р сарын 30-ны өдөр гэсэн байдаг аж. Тиймээс энэ талаарааа тэрээр ийнхүү ярьсан юм.

"Би өнөөдөр /өчигдөр/ 50 насны босгыг алхаж байна. Миний ээж намайг 50 жилийн өмнө төрүүлэхдээ “Ер нь эмэгтэй хүн гэдэг олон зовлон дундуур явдаг. Бас их ачаа үүрдэг улс шүү. Миний хүү энэ асуудлыг их ойрхон харж яваарай” гэж бодсон юм болов уу. Тэгээд л намайг Мартын 8-нд төрүүлсэн юм болов уу гэж боддог юм.

Уг нь миний иргэний үнэмлэх дээр гуравдугаар сарын 30-нд төрсөн гэж бичсэн байдаг. Харин ээж минь чи гуравдугаар сарын 8-нд төрсөн юм гэж хэлдэг. Миний хүйн ээж буюу эх барьж авсан ээж маань надтай уулзахдаа үргэлж “Миний хүү чинь мартын 8-нд төрсөн юм. Тэр өдөр манай суманд гурван эх нярайлсны нэг нь чи шүү дээ гэж” гэж хэлдэг. Анх сургуульд ороход ангийн маань хүүхэд надад “Чи чинь гуравдугаар сарын 8-нд төрсөн шүү дээ, Элбэгдорж оо” гэж хэлж байсан. Гэтэл ямар учраас гуравдугаар сарын 30 гэсэн юм бэ гэхээр, энэ нь миний ааваас болсон байдаг. Гуравдугаар сарын 8-нд ээж нярайлсны дараа аав хөтөлгөө морьтой, эв хавгүйхэн оёж хавсан өлгий бэлдэж ирсэн хэмээн ээж ярьдаг. Хурганы арьсаар өлгий хийдэг байсан ч тухайн үед аав өөрөө орчин үеийн гэж болох цоохор даавуугаар бор хөвөн болхидуу зулж өлгий оёсон гэдэг. Тэгээд намайг цоохор даавуун өлгийдөө хийж өвөртөлж аваад мориндоо мордоод явсан байдаг. Бүр дараа нь хүүдээ төрсний гэрчилгээ авахаар суманд очихдоо “Хүү чинь хэзээ төрсөн билээ?” гэсэн асуултад тулгамдаж “Хэдэн өдрийн өмнө шүү, за яах вэ, өнөөдрөөр биччих” хэмээн хэлснээр гуравдугаар сарын 30 гэж бүртгэгдсэн түүхтэй юм.

 

Би ээжүүдийнхээ баярын өдөр төрсөндөө ихэд баярлаж явдаг. Миний ээж өнөөдөр 93 насыг зооглож байна. Өглөө ээждээ үнсүүлээд гарч ирсэн, их сайхан байсан. Гуравдугаар сарын 8-ны өглөө есөн цагийн үед төрсөн гэж ээж маань хэлдэг. Найман эрэгтэй хүүхдийн хамгийн отгон нь болж, би төрсөн юм. Миний ээж хоёр жилийн өмнө хүүхэд, ач нараа цуглуулахад 120 гаруй хүн ирсэн. Эндээс нэгэн сайхан бодол төрсөн. Эмэгтэй хүн ямар гайхамшигтай юм бэ? Нэг эмэгтэй хүн ийм олон хүний эхлэл болдог ямар сайхан юм бэ хэмээн би бодож байлаа. Би түрүүн хэлсэн, “Ээжээс бүх зүйл эхэлдэг. Эх орон хүртэл ээжээс эхэлдэг юм” гэж. Энэ бүхнийг та бүхэнтэйгээ хуваалцаж, төрсөн өдрөө тэмдэглэж байгаа маань их сайхан санагдаж байна.

Тавин нас гэдэг их хол мэт санагдаж байтал ингээд хүрээд ирдэг юм байна.