Монголдоо төдийгүй дэлхийд цөөхөн эрэгтэй уран нугараачдын нэг МУСТА Э.Лхагва-Очир "Галын домог" нэртэй театрчилсан цирк шоугаа 12 сарын 1-нд  Улсын циркийн тайзнаа толилуулах гэж байна.

   Монголын циркийн урлагийн нэрийг дэлхийн тайзнаа гаргаж яваа гайхалтай залуу уран бүтээлч маань тоглолтынхоо найруулгыг монгол ахуйгаар зохиомжилж байгаа аж. Алтан ургийн хөх толбот үрс, Чингисийн удам гэдэгээ тодотгохыг хичээж цаг ямагт уран бүтээлээ туурвидаг түүнийг үзүүлбэрээ үзүүлсний дараа үзэгчид “Үнэхээр Чингис гэж, Чингисийн Монгол гэж ямар үндэстэн байдгийг чиний үзүүлбэрээс мэдэрлээ. Морин дэл дээр давхиж яваа юм шиг сэтгэгдэл төрж, нурууны үс босч байна” хэмээн ярилцдаг байна.

Ийнхүү монголд анх удаа болох гэж буй "Галын домог" нэртэй театрчилсан цирк шоугаараа "Бөртэ чоно, Гуа марал"-ын түүхийг өгүүлэх гэнэ. Энэхүү зохиолыг нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулан бичсэн ажээ. Ингээд монголд шинээр хөгжиж буй этник урсгалыг шингээсэн, драмчилсан тоглолтоороо биеэр өгүүлэхүйн гайхамшигийг мэдрүүлэх авъяаслаг уран бүтээлчдээ талархал дэвшүүлж, түүний тоглолтыг үзэж сонирхохыг урьж байна. Сонирхуулахад эрхэм уран бүтээлчийн албан ёсны "Facebook" хуудсаар ЭНД дарж зочлон түүний ертөнцөөр аялаарай.