Монголын видео клип бүтээгчдийн хүч хөдөлмөр, оюун бодол шингэсэн уран бүтээлийг үнэлж, дүгнэдэг “UBS MUSIC VIDEO AWARDS” наадмыг энэ жил “UBS MUSIC” хөгжмийн телевиз оюуны өмчийн эрхтэйгээр гардан зохион байгуулж байгаа билээ. Оны шилдэг клипийг шалгаруулах “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадам 11 дүгээр сарын 29-нд Соёлын Төв Өргөөнд болох юм.

   Энэ оны байдлаар уран бүтээлчид 150 гаруй клип бүтээсэн бөгөөд тэдгээрээс хамтлаг, дуучид хийгээд видео бүтээгчид өөрсдийн саналын дагуу номинацид бүтээлээ нэр дэвшүүлж дуусжээ.Энэ жилийн наадам нийт 15 онцгой номинацид хамтлаг, дуучдын 2013 онд гаргасан видео клипүүдийг өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулах юм байна.

   Монголын видео урлагт хэн хамгийн шилдэг болохыг тодруулах “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмын хэвлэлийн бага хурал 11 дүгээр сарын 25 буюу өнөөдөр 15 цагт "UBS" телевизийн байранд болно. Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.