Цэргийнхэн дунд дээрх  яриа гарчээ. Таван толгойд болсон хариуцлаггүй үйл явдлын золиосонд эр цэргүүд эрсдлээ,  сахилга хариуцлага суларлаа, удаа дараа хариуцлаггүй байдал давтагдаж байгаа нь салбарын сайдыг огцруулах үндэслэл болно гэсэн утгатай мэдэгдлийг өчигдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  хийлээ.

 Үүнтэй зэрэгцэн олон нийтийн дунд тэр дундаа цэргийн салбарыхан нэгэн дүгнэлтэнд хүрч буй мэдээ байна. Маш өндөр татаасаар цэргийн ар талыг хариуцсан мэргэжилтэн  Зэвсэгт хүчний Жанжин штабыг толгойлж байгаа нь гол уршиг хэмээн үзэгсэд бишгүй байгаа гэнэ. Зэвсэгт хүчний жанжин штабын  дарга Д.Даваа нь  Ховд аймгийн Буянт сумынх. Нутаг гэвэл нугас ч хамаагүй албан тушаалд тавихаар хөөрцөглөж байгаа баримт олон.  Харин эрхэм гишүүн Б.Пүрэвдорж бас Ховдынх, харин өчигдөр мэдэгдэлдээ Д.Даваа генералыг л давхар шүүмжилж хатуухан донгодох  байх гэж найдаж байтал жишим ч үгүй өнгөрөв үү, яав. Лав л огцруулах албаны хүмүүсийн  тоонд нэрийг нь дурьдаагүй бололтой.

Д.Даваа нь 1986 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг ар талын албаны офицероор төгссөн. 1986-1990 онд АА-ийн 162-р ангид хүнсний албаны дарга, 1990-1994 онд АЦ-ийн 310-р ангид хүнсний хангалтын тасгийн дарга, 1997-2000 онд ЗХ-ний 256-р ангид захирагчийн орлогч, ар талын дарга, 2000-2001 онд ЗХЕШ-ын Ар талын газрын штабын туслах орлогч, 2001-2002 онд ЗХ-ний 013-р ангид захирагчийн орлогч, ар талын дарга, 2002-2009 онд БХИС-ийн Ар талын тэнхмийн дарга, 2009 онд БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, мөн онд БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2009-2015 онд ЗХЖШ-ын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар ажиллаж байв. 2015 оны 06 дугаар сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдон ажиллаж байна.

Тун удалгүй түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дэслэгч генералаас хошууч генерал болгосон байна.  Хүнээ шахаж болно, зарчим байх хэрэгтэй. Орчин үеийн тулаан гранат гэхээсээ илүү дрон, өөрөө явагч робот, пуужин, нисэх онгоц гээд технологийн тулаан болсон.  Энэхүү  сургалтын хоцрогдолд  эх орноо батлан хамгаалах эр цэргүүдийн хайран цаг,  хайран амийг үрж байснаас олигтойхон хамгаалалт хийчих өндөр технологи сурч, судалж, хөгжүүлээсэй билээ. Галт зэвсгийн өөдөөс нум сум, Робот пуужингийн өөдөөс гранат гэдэг шиг  Зэвсэгт хүчний жанжин штаб нь хүнс нийлүүлэх ар тал хариуцсан  аж ахуйн хүн толгойлохоор угаасаа сургалтын  үр дүн мэдээж ямар байх вэ.

‘’Мэргэжлийн хүнээр тавих хэрэгтэй, ар талыг хариуцаж байсан хүн Зэвсэгт хүчний жанжин штабыг толгойлох уу . Зэвсэгт хүчин бол тоглоом биш’’ гэдгийг сошиалаар хурандаа нар хурцхан шүүмжилж байгаа. Шүүмжлэл оргүй биш байсныг гэрчлэх баримт саяхан Таван толгойд болсон эмгэнэлт үйл явдал.  

Харин хариуцлага тооцохдоо  байгаа онохгүй байгааг дээрх жишээ нотолно. Салбарын сайд нь огцордог юм байж, харин Д.Даваа генералыг яах гэж байна вэ?

Э.Булган