Амралтын өдрүүдээр ТВ харан жаахан  суулаа. Хэдэн хэдэн ТВ-ээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн  “нөр их агуу удирдлагын дор улс орон  хөгжлийн манлайд хүрч байгаа” гэх нь холгүй мэдээ гаргаж байх юм. Хөгжлийн талаарх статистик тоо  нь гайхмаар, баярламаар. Улс орны эдийн засаг тэдэн хувиар өслөө, имфляци төчнөөнөөр буурлаа,    шинэ зам баригдлаа, шинэчлэлийн Засгийн газар  хөгжлийг бий болголоо ч гэх мэдээ урссаар, Ерөнхий сайд маань энд тэнд очиж  тууз хайчилсаар. Энэ бүхнийг хараад нээрээ улс орон маань хөгжлийн манлайд хүрч байгаа  бил үү гэж бодоход хүрлээ.  Гэтэл  бодит байдал, зарим ТВ-ийн гаргаж байгаа мэдээлэл,  Ерөнхий сайдын бодож байгаа бодлоос тэс ондоо. Агуу ерөнхий сайд маань “өндөг бол тансаг хэрэглээ” гэдэг гайхамшигтай үгээ эхэлсний дараа 250 төгрөгийн үнэтэй ширхэг өндөг шууд 400 төгрөг болоотхов.

BZwEqHsCUAA3TXn.jpg large

Ард түмэн Н.Алтанхуягийн хэлснээр  өндгийг өдөр бүр биш хааяадаа хэрэглэж  “тансаглаж” байхаар болов.

Ерөнхий сайд маань энд тэнд очиж тууз хайчлан, гараа занган байж аливааг тайлбарлаж байх хооронд  монгол төгрөг үнэгүйдэж, доллар юаны ханш өсөж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж,   бидний  аливааг худалдан авах чадвар улам буурсаар л байна.  Засаг төрд  зангарагтай бодлого үгүйлэгдэж байна.

Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, уул уурхайн салбар зогсонги байдалд орсныг нэн даруй “хөдөлгөөнд” оруулах бодлогыг Засгийн газраас УИХ-д тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Төрийн элдэв халамж, нийтэд сул мөнгө өгөх явдлыг эрс  зогсоох  шийдвэртэй алхам хэрэгтэй байна. Авлига эргэн цэцэглэх хандлага газар авлаа.Төрийн алба  мэргэшсэн биш, мэдлэггүйчүүдээр  дүүрлээ.

Харин энэ бүхнийг анзаарах завгүй, хагас сайн өдөр ч төрийн төлөө Засгийн газрын хуралаа хийн Ерөнхий сайд маань ажилласаар. Биднийгээ хөгжилд хөтлөн урагшаа зүтгэсээр.

А.Галт