Өчигдөр Ардчилсан намынхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгэх үеэр Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон иргэд хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай нараас хариуцлага нэхэж “Амьдралаа буцааж авмаар байна”, “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай гэрээний үүргээ биелүүл” хэмээн эсэргүүцэж жагсаал хийлээ.


Энэ үеэр тус намын нарийн бичгийн дарга О.Магнай иргэдтэй уулзаж санаа бодлоо илэрхийлэх гэсэн боловч иргэд түүний үгийг сонсолгүй “Бид Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нараас болж таван жил орох оронгүй айлаар хэсүүчилж явна. Бид таван жил энэ асуудлаар явж байгаа ч тухайн үед эрх мэдэл албан тушаалтай байхдаа Э.Бат-Үүл бидэнтэй уулзалгүй өнөөдрийг хүрсэн. Харин түүнийг намаасаа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгийг сонсоод түүнтэй биечлэн уулзах гэж хохирсон иргэд өнөөдөр /өчигдөр/ энд цуглаад байна. Тус компани төслийн ажлаа “Бэрэн” группт шилжүүлчихсэн. Тус компанийн Мөнхцэцэг гэдэг эмэгтэй биднийг элдвээр доромжилж байна. Одоо энэ ажлыг хэн хийх нь тодорхойгүй байна. Тиймээс бид хохирч байна гэдгээ хотын дарга асан Э.Бат-Үүлд хэлмээр байна. Биднийг гудамжинд хэвтэж байхад Э.Бат-Үүл хүүгийнхээ хамтаар Хайнан аралд хэвтэж байсан. Уг нь, аав нь хотын дарга юм чинь асуудлыг хурдан шийдэж биднийг орон сууцанд хурдан оруулна гэж итгэсэн ч өнөөдөр ийм байдалд хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд бид маш олон албаны хүмүүстэй уулзаж одоог хүртэл асуудлаа шийдүүлж чадахгүй байна. Хэрвээ Э.Бат-Үүл намын байрандаа байгаа бол бидэнтэй гарч ирээд уулзчих. Бид түүнтэй уулзах гэж энд цуглараад байна” хэмээн дор бүрнээ бухимдлаа илэрхийлж байв.

“Грандлайн” ХХК-ийг төсөлтэй нь худалдаж авсан “Бэрэн”групп хариуцлага хүлээх үү?

Яг үнэндээ хотын дарга асан Э.Бат-Үүл 2012 онд нийслэлийн ИТХ-ын сонгуульд намаа удирдан оролцохдоо нийслэлийн гэр хорооллыг хаус хороолол болгох уриатай оролцож ялалт байгуулсан түүхтэй. Гэтэл тэрбээр хотын дарга болсныхоо дараа хаус хорооллоос түрүүлээд Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлснээр өдгөө олон мянган хүн орох оронгүй болж өчигдрийн жагсаалыг хийх болсон нь энэ юм. Мэдээж Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр орон байртай болсон иргэн олон байгаа. Гэтэл яагаад дээрх иргэдийн зарим нь ийнхүү хохирох болов гэдэг нь өнөөдрийн чухал асуудал болоод буй юм. Дээрх жагсаалд хүрэлцэн ирсэн хүмүүсийн ихэнх нь Баянзүрх дүүргийн XII хорооны иргэд байв. Тодруулбал, “Грандлайн” ХХК, БНТУ-ын “216 Япи үрэти худалдаа” компаниуд хамтран 2013 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр тус хорооны буюу бидний нэрлэж заншсанаар Жанжин клуб орчимд 3300 айлын “Түмэн Амгалан” цогцолбор хорооллын төслийг хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байсан юм. Гэтэл дээрх компанийг төслийн ажлынх нь хамтаар “Бэрэн” групп худалдаж авсан ч өнөөг хүртэл бүтээн байгуулалтын ажил нэг алхмаар ч урагшлаагүйн улмаас иргэд ийнхүү бухимдаж буйгаа илэрхийлж байгаа хэрэг. Уг нь тус компаниийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцад хөрөнгө мөнгө нь хэдийнэ шийдэгдчихсэн бэлэн төсөл авсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ингэж хэлэхийн учир нь “Грандлайн” ХХК-ийн төслийн ажлыг гүйцэтгэхдээ Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас таван тэрбум төгрөгийг дэд бүтцийн гүйцэтгэлийн төлбөр хэмээн авч байсан тухай мэдээлэл хэвлэлээр олонтаа гарсан. Тиймээс л “Бэрэн” группийг бүх зүйл нь бэлэн болсон төслийг компанитай нь цуг худалдаж авчихаад яагаад барилгын ажлыг эхлэхгүй байна вэ гэдэг асуултыг бид өнгөрсөн хугацаанд олонтаа хөндөж байсан ч үүн дээр ямар ч хүмүүс тайлбар өгөлгүйгээр өнөөг хүрсэн билээ.
Ямартай ч тухайн үед тус газарт 177 хашаа, 88 айлын нийтийн гурван байранд 220 орчим өрхийн 800-гаад хүн оршин суудаг байсан. Энэхүү цогцолбор хорооллыг барихын тулд эхний ээлжинд 19 айлын 1.6 га газар 500 айлын таван блок орон сууц барьж 2015 оны эхээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч өдгөө энэ ажил зогсож олон хүн гудамжаар гэр хийж, өдөр хоногийг аргацаах болсон нь энэ юм. Хэрвээ хотын дарга асан Э.Бат-Үүл эрх мэдэлтэй байх үедээ хүүгийнхээ энэ асуудлыг цэгцэлсэн бол өнөөдөр ийм энэ асуудал үүсэхгүй байсан. Гэтэл таван жилийн өмнө орон байраа алдсан иргэд өнөөг хүртэл хохирсон хэвээр байхад хотын дарга асан Э.Бат-Үүл одоог хүртэл арга хэмжээ аваагүй байгаа нь энэ олон хүний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн гэж хэлэхэд нэг их дэгдсдэхгүй байх. Хэрвээ “Грандлайн” ХХК-ийг үнэхээр өртэй байсан бол “Бэрэн”-гийнхэн өөрсдийнхөө толгой дээр лай нэмж өр ширтэй компанийг худалдаж авахгүй байсан нь ойлгомжтой. Угтаа бол тус компани гэр хорооллын дахин төлөвлөлтөөр тендерт шалгарч 3300 айлын орон сууц барих том эрхийг авсан, энэхүү том хэмжээний төслийг дагаад асар их хэмжээний мөнгө даган орж ирэх учраас тус групп алсын хараатайгаар “Грандлайн” компанийг өөрийн салбар охин компаниа болгон авсан хэрэг.
Уг нь дээрх төслийн сонгон шалгаруултад “Грандлайн” ХХК-ийг шалгарсны дараа НИТХ дахь МАН-ын төлөөлөгчид шат шатны хуулийн байгууллагад хандахаа илэрхийлж байсан ч энэ асуудал хэрхсэн нь тодорхойгүй үлдсэн билээ. Тухайлбал, 2015 оны аравдугаар сарын 14-нд тухайн үеийн НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан, одоогийн МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ талаар ярьж, тус намын бүлэг Э.Бат-Үүлийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргаж байв.
Тухайн үед Д.Амарбаясгалан “Өнөөдөр хотын даргаар ажиллаж байгаа энэ хүн өөрийнхөө хүүгийн компанид 5.1 тэрбум төгрөгийн тендер өгчихөөд яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ. Шударга ёс байдаг л юм бол хариуцлага хүлээх ёстой. Хотын даргын 2013 тавдугаар сарын 29-ний өдөр хүүгийнхээ “Грандлайн” компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр баталсугай гэсэн өөрийнх нь гарын үсэгтэй бичиг байна. Яагаад бид энийг бариад байна вэ гэвэл 2013 онд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа хотын дарга маань “Грандлайн” компанийг огт дурдаагүй байдаг. Хүүгийнхээ бизнес гээд тэр хэсэг дээрээ “Сонор” рекордс гэж л бичсэн. Энэ бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх хангалттай үндэслэл. Үүн дээр нь зарим хууль хяналтын байгууллагууд асуудал үүсгэдэггүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд сууж байдаг нь өнөөдөр шударга бус зүйл юм. Тийм учраас бид энэ асуудлыг эцэст нь тултал явна” хэмээж байсан ч асуудал яаж шийдэгдсэн тодорхойгүй байсан нь өнөөдрийн энэ үр дагавар бололтой.
Эцэст нь хэлэхэд Туркийн “216 Япи Үрэти худалдаа” компани “Грандлайн” компанитай гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хамтарч ажиллахаар болж байсан ч явцын дунд асуудал үүсч тус компани бүх хувьцаа болон төслөө өндөр үнээр “Бэрэн” группт худалдсан гэдгийг жагсаалд оролцож буй иргэд хэлж байна. Бүхэл бүтэн хорооллын төслийн тендерийг ямар шалгуураар авсан нь тодорхойгүй хэрнээ “Грандлайн” ХХК болон эрх мэдэл бүхий албан тушаалтнууд одоог хэр нь хариуцлага хүлээхгүй байгаа нь хачирхалтай. Ямартай ч Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэд өнөөдөр /өчигдөр/ хийж буй энэ жагсаалаа цаашид үргэлжлүүлээд зогсохгүй хотын дарга асан Э.Бат-Үүл болон Б.Чулуудай нарын гэрийн гадаа очиж тэмцлээ үргэлжүүлнэ хэмээн ярьж байв. Угтаа бол удирдах албан тушаал хашиж байх үедээ хариуцлага алдсан бол хувийнхаа хөрөнгөөр ч хамаагүй энэ олон хүнийг орох оронтой болгох зүйн хэрэг байх.
Түүнчлэн энэхүү жагсаалд дан ганц “Грандлайн” ХХК”-ийн хохирогчид бус УИХ-ын гишүүн асан Д.Арвингийн “Их өргөө” ХХК Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Сансар хотхоны 142 айл өрхийн үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулж олон хүнийг хохироосон. Тэгвэл хохирогчид энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандах болсон тухайгаа хэлж байсан юм. Энэ талаарх мэдээллийг бид маргаашийн дугаартаа хүргэх болно.