Дөрвөн настай охины амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, шүүхээс 23 жилийн хорих ял аваад буй Г.Маралмаа давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн билээ. ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид буй тэрээр хэрэг шийдвэрлэх явцад цагдаагийн алба хаагчид хүчиндүүлсэн хэмээн өнгөрөгч дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Г.Маралмаа өргөдөлдөө “2016 онд ялтан Г.Маралмаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хэргийн материалтай танилцаж байхдаа тус шүүхийн цагдаа, дэслэгч Б-д халуун усны өрөөнд хүчиндүүлсэн, шалгаж өгнө үү3 гэжээ.

Дээрх гомдлын дагуу Мөрдөн байцаах Тусгай субъектын хэлтэст шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж гэрчүүдээс тайлбар мэдээлэл авч, хэргийн газрын камерын бичлэгийг хавтаст хэрэгт авчээ.

Мөрдөн байцаалтын явцад Г.Маралмааг хүчиндсэн гэх цагдаагийн дэслэгч Б мэдүүлэхдээ "Би ялтан Г.Маралмааг хүчиндээгүй. Хэргийн материалтай танилцах үеэр тэр өрөөнд хамт байсан нь үнэн. Гэвч түүний хэлж байгаа шиг явдал болоогүй. Толгой өвдөөд байхаар нь толгойгоо бариулсан” хэмээн мэдүүлсэн байдаг бөгөөд үүнийг нь нотлох гэрч байдаг аж.

Тэгвэл Г.Маралмааг хүчиндсэн хэрэгт шалгагдаж байгаа цагдаа Б-г үүрэгт ажлаас нь түр хугацаагаар чөлөөлөөд байсан юм байна. Сэтгэл санаагаар унаад байсан тэрбээр энэ сарын 03-ны өдөр гэртээ амиа хорложээ. Ингэхдээ тэрбээр гүтгэгдэж байна, гэр бүлийнхнээсээ уучлалт гуйж байна гэсэн агуулга бүхий гэрээслэл бичиж үлдээжээ.

Нэгэнт гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн нас барсан болохоор  хэргийг хаах юм. Харин Г.Маралмаа хүнийг амиа хорлоход хүргэсэн эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгах юм. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.