Сүүлийн хоёр жил түр завсарлаад байсан “UBS Music Video Awards-2013” наадам энэ сарын 29-нд буюу маргааш болно.

Уг наадмыг энэ жилээс эхлэн “UBS Music” хөгжмийн телевиз албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд тэд энэхүү наадмыг урьдынхаас тэс өөр өнгө төрхтэйгээр үзэгчдэд хүргэнэ гэдгээ амлаад байгаа билээ.

Түүнчлэн наадмын “Улаан хивс”-ний ёслол 16.00 цагт Соёлын төв өргөөнд болох бол 18.00 цагт наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа албан ёсоор эхэлнэ.

Сонирхуулж хэлэхэд тус наадам нь мэргэжлийн болон мэргэжлийн бус зургаан хос хөтлөгчтэй байна. Тодруулбал, “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар “Sweetymotion” хамтлагийн ахлагч Э.Ганболортой, “Номин талст”-ын А.Хаянхярваа жүжигчин, хөтлөгч Ч.Ундралтай, ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин, дуучин  Б.Амархүү, дуучин Ч.Цэлмүүнтэй, төгөлдөр хуурч Ж.Дамдинцэрэн хошин урлагийн жүжигчин  Б.Хулантай, Амай буюу Ж.Золбаяр дуучин Э.Агиймаатай, хөтлөгч Э.Гантулга,  П.Одгэрэл нар хослон хөтлөх юм.

Д.Ана