Өнөөдөр тавдугаар сарын 9. Аугаа их Эх орны хоёрдугаар дайны ялалтын баярын 72 жилийн ойн энэ өдөр ОХУ-ын төдийгүй дэлхийн олон улс орны болоод хүн төрөлхтний түүхэн баярын нэг юм.  1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн хоёрдугаар  дайны галыг өдөөгч Адольф Гитлерийн фашист арми ичгүүртэйгээр ялагдаж, Зөвлөлтийн улаан армийн баатар хөвгүүд герман улсын нийслэл Берлин хотын Рейхстагийн оройд ялалтын улаан тугаа мандуулснаар дайн дууссаныг нотолсон билээ. 
 
Дэлхийн хоёрдугаар дайнд 58 улс нэрвэгдэж, олон сая хүн амь үрэгдсэний дотор ЗХУ /хуучнаар/  70 сая хүнээ алдаж байж ялалтад хүрсэн.   Агуу их Эх орны дайны ялалтын баярт зориулсан баярын сүрт жагсаал, ёслолын арга хэмжээ Улаан талбайд болдог нь уламжлал. Өнөөдөр ОХУ-ын нийслэл Москвагийн цагаар 10:00 цагт Улаан талбайд ялалтын 72 жилийн парад эхэлнэ. Ялалтын баярын ёслолыг  Оросын телевизүүд бүх дэлхий даяар шууд дамжуулна. ОХУ-ын зэвсэгт хүчин ойн баярын бэлтгэл ажлыг аль дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд өнөөдөр ёслолоо хийхэд бэлэн болжээ. Энэ жил Улаан талбайд 10400 цэрэг, 118 байлдааны машин, техник хэрэгсэл, 72 онгоц, нисдэг тэрэг жагсаж, баярын парад ёслол төгөлдөр болох нь ээ.