Өнгөрсөн оны тавдугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурал болж, нийслэлийн засаг захиргааны I байр буюу Засаг даргын Тамгын газрын барилгыг спорт заалтай нь хамт буулгаж шинээр барих концессын гэрээг “Голомт” группын охин компани болох “Голомт файннэйшнил групп” ХХК-тай байгуулахыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж байсан тухай бид тухайн үед нь мэдээлж байсан.

Дээрх шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл тус компанитай гэрээ байгуулахаар болсон. Энэ асуудлыг тухайн үед НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцсэн ч АН-ын бүлэг буюу олонх дээрх шийдвэрийг гаргаж, дарга асан Д.Баттулга гарын үсэг зурснаар ийнхүү батламжилж, Үүл дарга ажлаа өгөхөөсөө хоёрхон өдрийн өмнө тус компанитай гэрээ байгуулжээ.

 

Уг нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн хэд хэдэн тогтоолд “Хотын захиргааны барилгыг буулгаж, барих ажлыг концессын гэрээний дагуу гүйцэтгэнэ. Ингэхдээ концессын гэрээний эрхийг уралдаант шалгаруулалт явуулж байж өгнө” гэж заасан байдаг. Гэвч тухайн үед ямар ч тендер зарлагдаагүй. Тендер болоогүй шалтгааныг Нийслэлийн ИТХ-ынхан “Голомт файннэйшнил групп” ХХК-аас өөр компани санал ирүүлээгүй гэсэн үгээр тайлбар хийж байсан тухайг хэвлэлүүд ч онцолж байв. Тиймээс л ганц оролцогчтой тендерийн уралдаант шалгаруулалтын ард нийслэлийн өмнөх удирдлагууд зөвхөн “Голомт”-той тохиролцоо хийж, барилгын газрыг энэ компанид үнэ төлбөргүй өглөө гэсэн хардлага өнгөрсөн хугацаанд явж үүнийг нь ч хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болж байсан юм.

 

Хуульд зааснаар бол Концессын гэрээ гэдэг нь гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр ажлаа хийчихээд дараа нь төрөөс мөнгөө авах харилцаа юм. Гэтэл “Голомт файннэйшнил групп” ХХК-тай байгуулах Концессын гэрээ нь “өмчлөх-ашиглах” эрхийг давхар авах нөхцөлтэй. Ийм давуу эрхтэй нөхцөл бүхий Концессын гэрээг өрсөлдөгчгүйгээр тус компани авахаар болсон нь ч энэ асуудал шүүх дээр ялагдсан юм. Өөрөөр хэлбэл, хотын өмнөх удирдлагуудын гаргаж байсан хууль бус шийдвэрийг шүүх буруутгаж гаргасан тушаал шийдвэрийг нь хүчингүй болгосон гэсэн үг. Тэгвэл шүүх дээр ялагдал хүлээсэн “Голомт”-ын удирдлагууд яг өмнөх шигээ шийдвэр гаргахаар одоогийн хотын удирдлагуудыг ээрч байгаа тухай эх сурвалж мэдээлж байсан юм. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл, Д.Баттулга нар асуудлыг шийдвэрлэж байгаа арга хэлбэр, зарчим нь хуульд нийцээгүй гэдгийг нь шүүх тогтоолоо гэсэн үг.

 

Тиймээс л хотын өмнөх удирдлагуудын хуудуутай алдааг одоогийн хотын удирдлагууд битгий давтаасай. Хэрвээ тэдний энэхүү хууль бус тогтоол шийдвэрийг хотын удирдлагууд хүлээж авбал тус компани нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй зургаан давхар, нэгдсэн зоорийн нэг давхартай, нийт 17 037 м2 талбай бүхий барилга барих бөгөөд 1-3 давхрыг нийслэлийн өмчид шилжүүлээд бусад давхруудыг өөрсдөө өмчлөх юм. Уг нь “Голомт”-ынхон Төрийн өмчийн байрыг, төрийн мэдлийн хөрөнгийг концессын гэрээгээр буулгаж, барьсныхаа хөлсийг төрөөс эргүүлээд авах нь тодорхой атал яагаад компанид давхар эзэмших, ашиглах эрхийг олгож байна вэ. Ийм нөхцөлтэй концессын гэрээний эрх олгох уралдаант шалгаруулалтын зарыг “Голомт”-ынхноос өөр компани яагаад огт сонсоогүй вэ гэдэг нь одоог хүртэл асуулт хэвээр байгаа.

 

Тиймээс л тухайн үед байсан НИТХ-ын МАН-ын бүлгийнхэн шийдвэр гаргагчид эрх мэдлээ “худалдсан” байж болзошгүй хэмээн хэлж байв. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн 2015 оны сүүлчээр Нийслэлийн ЗДТГ-ын байрны чанх өөдөөс харсан хуучин Хэвлэх үйлдвэрийн зөвхөн газар нь 23 тэрбум төгрөгт хүрсэн. Тэгвэл тэрбум тэрбумаар үнэлэгдэж байгаа хотын төвийн А зэрэглэлийн байрыг хотын өмнөх удирдлагууд “Голомт”-д үнэгүй шилжүүлэхээр шийдсэн нь хэний ч анхаарлыг татна. “Голомт” бол нийслэлийн газраас хуулийн дагуу болон хууль бус аргаар аваад сурчихсан.

 

Тэд өмнө нь хүүхдийн паркийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх нэрээр нийслэлийн өмчөөс хүүхдийн паркийн газрыг авсан арвин туршлагатай гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр саяхан телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ онцолж байсан. Тиймээс л хууль бус шийдвэрээр хотын захиргааны байрыг шинэчлэх нэрийн дор авч байгаа “Голомт”-ынхоны энэхүү үйлдлийг Нийслэлийн Зага дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар анхааралдаа авч сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулж энэ асуудлыг эцэслэн шийдэх цаг нь болжээ. Хэрвээ асуудалд ул суурьтай хандахгүй бол “Голомт”-ынхон яг өмнөх шигээ хотын захиргааны байрыг давхар ашиглаж, эзэмших бүр цаашилбал, шинэ байр баригдсаны дараа Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар өөрийн байранд биш хүний буюу “Голомт”-ын байранд “амьдрах” нөхцөл бүрдчихээд байна гэдгийг хэлэх нь зүйтэй байх.