Оросын Зөн билэгч Дмитрий Волoхов хэсэг нөхдийн хамт 32 хүүхдийн ээж сайхан сэтгэлт Сарнай бүсгүйн гэрт өчигдөр зочилсон байна. Улмаар асрамжийн газар барих аянд нь хандив өргөж, сэтгэлийн дэм болж, хүүхдүүдтэй нэгэн сайхан өдрийг өнгөрүүллээ. Тодруулбал, “Оросын зөн билгийн тулаан-ы” 13-р дугаарын ялагч Димитрий Волoхов сайхан сэтгэлт Сарнайгийн гэрт очиж "Сарнай хүүхдийн төв" бүтээн байгуулалтын аянд нэгдэн хувиасаа 500000 төгрөгний хандив өргөлөө. Мөн “Тэнгэрийн модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү, “Тэнгэрлэг Монгол” ТББ-ын тэргүүн Н.Ганхуяг, “Ви ай пи эс” ХК-ийн захирал С.Бямбацогт нарын зүгээс нийт 2 000 000 төгрөгийн хандив өргөлөө. Тэд хүүхдүүдийг баярлуулж, нүдний эмчид үзүүлж, ном болон бусад зүйлс бэлэглэж, сэтгэлийн дэм болж, нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрөөсөн.

Зурагтаар үзэж байсан хүн  гэрт нь ороод ирнэ гэж санаагүй Сарнайд энэ нь гэнэтийн байсан юм. Тэрбээр энэ үеэр зөн билэгчээс  адис авч, аз жаргал баяр баясгалан авчирдаг хамгаалалтын бугуйвч бэлгэнд авсан.

Сэтгэл сайтай залуусын маань буян заяа тэгширч эх болсон нутаг минь энх тунх жаргах болтугай. Удахгүй "Сарнай хүүхдийн төв" сүндэрлэн босохын ерөөл өргөе. Ирсэн уулзсан дэмжиж байгаа бүхний үйлсийн зам нь цагаан байг.

 

Сайн үйлс бүхэн сая саяар дэлгэрэх болтугай.