Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг  2017.01.18-ны өдөр   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарсан байна.   Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж, яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварчээ. Шүүгдэгч Б хулгай, дээрмийн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 145.3-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан. Тэрбээр шүүх хурлын үеэр  "Надад амьд явах сонирхол алга. Би ээжтэйгээ уулзахаар явлаа” хэмээн хоолойгоо зүссэн нь хяналтын камерт бичигдсэн байдаг. 

Түүний биеийн байдал дээрдсэн бөгөөд өнөөдөр  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.-ийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх юм. Яллагдагч Б-д Эрүүгийн хуулийн 145.4, 245.1-д заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Тодруулбал 

   145 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг хулгайлах

145.4.Энэ хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

    245 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн   таслах ажиллагаанд саад учруулах

 

            245.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байгаа. 

 Шүүгдэгч Б-ийн хувьд өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж, Өршөөлийн хуулиар суллагдсан ч давтан гэмт хэрэг үйлдэн дахин шүүхийн өмнө ирээд байгаа юм. 

Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.