Өнгөрсөн амралтын өдрөөр олон нийтийн сайтаар нэгэн охин нөүтбуукээ үл таних залууд итгэн өгсөн ч үүнийгээ авч чадаагүй тухай бичсэн постны дараа уг этгээд маш олон хүн рүү нөүтбуук асууж мессеж бичсэн зүйлс ар араасаа хөвөрсөн билээ. 

Энэ тухай гомдол мэдээлэл энэ сарын 20-нд цагдаагийн байгууллагад ирснээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Сэжигтэн Т гэгч энэ талаар “Залилан мэхэлсэн зүйл байхгүй. Надад жаахан асуудал тулгараад найзуудаасаа гуйж авсан. Бүгд миний таньдаг охид. Би нөүтбүүкүүдийг нь байцаагчид өгөөд эздэд нь өгч байгаа. Одоо надад 10-аад компьютер байгаа. Намайг залилагч гэж фэйсбүүкт мэдээлэл тавьсан охин л алаад хаячихлаа” хэмээжээ.

Ямартаа ч түүний талаар цагдаагийн газар нэг л хүн гомдол гаргасан бөгөөд тухайн залууг саатуулж хорьсон зүйлгүй, байцаалт аваад буцаасан байна. Түүнчлэн гомдол гаргасан охины хохирлыг барагдуулна гэж мэдүүлэг өгчээ.