Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч та бүхэн санал нийлэх биз ээ. Энэ жил 20-н жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонин содон гэнэтийн бэлгүүдийг дэлгэж буй тэдний тоглолт үзэгч фенүүдээ эрч хүчээр цэнэглэсэн гэхэд хилсдэхгүй.

Хорин жилийн турш уран бүтээлээ тасралтгүй туурвисан тэдний хувьд дэлхийд алдартай хамтлаг дуучдын туршлагаас судлан сонсогч фэнүүддээ өөрсдийн гэх дурсгалын зүйлсээр сюрприз барихаар шийдсэн.

Тиймээс хамтлагийнхаа билэг тэмдэг бүхий хүзүүний зүүлт, бугуйвчаас эхлээд малгай, пудболка, гитар, бөмбөрийн цохивороос гадна баримтат кино, ном, зурагт хуанли гаргажээ. Хамгийн гайхалтай нь, эх орондоо төдийгүй Азийн хамтлаг дуучдаас анхлан “Алтан пянз” хэвлүүлж, өнгөрсөн хугацаанд гаргасан хит бүтээлүүдээсээ шигшин байж найман дуугаа багтаажээ. “Алтан пянз”-аа дээжлэн АНУ-ын Лос-Анжелос хотын “Gitar center”-т залсандаа ихэд баяртай яваа “Хурд”-ынхан ийнхүү хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулахаар зэхжээ..

Энэ ч утгаараа, тоглолтын тайзнаа 99 мянган төгрөгөөс эхэлж дуудсан “Алтан пянз”-ны үнэ таван саяд хүрсэн бөгөөд тус хамтлагийн гоцлол дуучин Цогоогийн багын найз гэх нэгэн залуу түүнийг худалдаж авчээ. “Никитон”-ы Цогоо, “Хурд”-ын Цогоо бид гурав багаасаа эхэлж үерхсэн андууд. Энэ хоёр маань урлагийн салбарт, би барилгын салбарт хувь нэмрээ оруулж яваадаа ихэд бахархдаг. Тиймээс найзынхаа уран бүтээлийг үргэлж дэмжиж явдаг дотны анд, бас хамтлагийнх нь үнэнч фэн гэдэг утгаараа би “Алтан пянз”-ыг нь авч байна. Бас найз Цогоодоо өөрийн зүгээс бэлэг болгож арван сая төгрөг өгье” хэмээн зарласан мөнөөх залууг үзэгчид өргөх нь холгүй тойрон хүрээлж, танхим дүүрэн алга ташилтаар мялаасан юм. Мөн хамтлагийн ахлагч Б.Ганбаяр өнөөг хүртэл уран бүтээлийг нь дэмжиж туслан, өөрийн чадах бүхий л зүйлээр сэтгэл гарган ханддаг тухай онцлон “Алтан пянз”-аа гардуулах гэж зарласан хүн нь “MCS” группын захирал Х.Од байлаа. Тэрбээр уран бүтээлч анд нарынхаа бэлгийг зүгээр ч нэг аваад зогссонгүй, сэтгэгдлээ хуваалцан “Алтан пянз” өнөөдөр таван сая төгрөгийн үнэд хүрсэн болохоор би ч гэсэн энэ хүмүүнлэгийн үйлст зориулан өөрийн хувь нэмрийг оруулмаар байна. Энэ мөнгийг дээрхи хоёр эмнэлэгт хандивлаарай” хэмээн таван сая төгрөг өгөхөөр болсон юм.