Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ ууланд хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. “Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын дөрвөн лиценз эзэмшдэг бөгөөд үүнийг хүчингүй болгуулах асуудлаар  “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, өмгөөлөгч Г.Батбаяр нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан. Улмаар хариуцагчаар Ашигт малтмалын газрыг татсан. АМГ нь гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн газрыг тус тус татаж шүүх дээр маргаан үүсгээд байгаа.

Улмаар анхан шатны шүүхээс Ноён ууланд олборлолт явуулахгүй байх шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцсэн тал давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд өчигдөр давж заалдах шатны шүүх хурал болсон юм. Уг хурлаар, энэ сарын 2-ний өдөр Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс актын биелэлтийг түдгэлзүүлэх тогтоол гарсныг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд болох Засгийн газар, “Сентеррагоуд Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгов. “Ноён уул”-ын асуудлаар захиргааны хэргийн Анхан шатны шүүх ийнхүү 2 дах удаагаа актын биелэлтийг түдгэлзүүлснийг Давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон байна.

Хуульд зааснаар энэ асуудлыг шүүх зөвхөн нэг удаа шийдэх байтал анхан шатны шүүх 2 дах удаагаа шийдсэн нь алдаатай болсон гэж Давж заалдах шатны шүүх үзсэн байна. Өнгөрсөн оны 5 дугаар сард Анхан шатны шүүх актын биелэлтийг түдгэлзүүлж байсныг Давж заалдах шатны шүүх үндэслэлгүй хэмээн эцэслэн шийдвэрлэсэн аж. “Ноён уул”-ын хэрэг нь нэг жил 6 сарын хугацаанд анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа боловч үндсэн маргааныг одоо болтол хэлэлцээгүй байгаа. Одоогоор дараагийн шүүх хуралдааны тов тодорхойгүй байна