Оюутолгой компанийн Монгол ажилчдын цалин гадаад ажилчны цалингаас эрс ялгаатай байгаа талаар олон хүн ярьдаг ч ажилгүй болохоос эмээж ажилчид нь энэ талаар ам нээх дургүй байдаг байна.

Дээд мэргэжилтэй Монгол хүн эх орондоо ажиллаж байж гадаадын хар ажилтнуудаас дор цалин авч байгаа талаар “Оюутолгой” компанийн төслийн менежер асан С.Гантуяагаас өөр дорвитой дуугарсан хүн алга. 

Оюутолгой компанид гадаад, монгол ажилчид хоорондоо, ярьдаггүй хүйтэн хөндий харьцаа үүсээд удаж буй аж. Энэ нь цалингийн тэнцвэртэй байдал алдагдсанаас болжээ. Тус компанид ажилладаг монгол ажилчид сард дунджаар 1 сая 500 мянган төгрөг авдаг бол гадаад ажилчин сард дунджаар 30 мянган доллар авч байна. Тэнгэр газар шиг ялгаатай цалин байгаа биз. Гучин мянган долларын цалин авдаг хүн мянган долларын цалин авдаг хүнтэй яаж харьцах вэ.

Тэгэхээр монгол ажилчин маань ямар ч өндөр боловсрол, соёлтой, ур чадвар, туршлагатай хүн байсан түүнээс нь үл хамаараад энэ хүн мянган доллар авдаг гэсэн үнэлэмжээр харьцдаг. Үүнээс болоод ажлын харилцаанд маш их зөрчил гарч байгаа аж. Бүр цаад утгаар нь монгол хүнийг үнэлэхгүй, монгол ёс заншлыг уландаа гишгэсэн зөвхөн монгол гэдгээрээ ялгаварлан гадуурхагдсан нөхцөл байдал үүсээд байгаа талаар С.Гантуяа дуугарч тэмцэж байгаа.

Гэвч Оюутолгой компанийн удирдлагууд энэхүү шаардлагыг нь үл ойшоож буй бөгөөд энэ нь Монгол төрийг монгол хүнийг уландаа гишгэж буй үйлдэл гэхээс өөр хэлэх үг алга. Нөгөө аймаар тэмцэгч О.Магнай, С.Ганбаатар нар таг чиг. Уг нь О.Магнай хаана монгол хүн хохирч байна түүнийг хамгаалах яг тохирсон ажил дээрээ очсон. Ажлаа овоо сайн эхэлсэн ч Оюутолгой дээр очоод л зүрх зориг нь мохоод байгааг юу гэж үзэх вэ. Эсвэл Оюутолгойгоос эмээх шалтгаан О.Магнай даргад байгаа юм болов уу.